Афганистанд болсон дэлбэрэлтийн улмаас 10 гаруй хүн амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2017-08-28 12:04:20
КАБУЛ. /Reuters/. Ням гарагт Хельманд мужид машинтай бөмбөг дэлбэрч 13 орчим афган цэргийн албаныхан болон энгийн иргэд амь үрэгдэж, 18 хүн шархаджээ.

Сүүлийн хэдэн долоо хоног засгийн газар Талибаны босогчидтой тэмцсээр байгаа газар нутаг болох Хельмандын төвд орших Нава худалдааны төвд тус дэлбэрэлт болсон байна. Өнгөрсөн 7 дугаар сард Нава дүүргийг босогчдоос чөлөөлсөн боловч мөргөлдөөн үргэлжилсээр байсан юм. Хельмандад болсон дэлбэрэлтийг бусад тохиолдлын адил амиа золиослогч этгээд үйлдсэн бөгөөд Талибаны босогчдоос ямар нэгэн мэдэгдэл ирүүлээгүй төдийгүй тус бүлэглэл үйлдсэн гэх ямар нэгэн нотолгоо алга байгаа аж.

Лашкаргах хот дахь Италийн тусламжийн шугамаар үйл ажиллагаа явуулдаг эмнэлэгт 3  хүний цогцос, 19 шархадсан хүнийг хүлээн авсан бол Бост гэдэг эмнэлэгт 10 шархадсан хүн хүргэгджээ. Эмнэлэгт хүргэгдсэн хүмүүсээс амь үрэгдсэн эсэх нь одоогоор тодорхойгүй байна.

Талибаны бүлэглэл Афганистанд лалын шашинтны ноёрхлыг үлдээж Кабулын засгийн газар дахь гадаадын орнуудын нөлөөлөл цэргийн армиудыг хөөн гаргах зорилгоор дайтсаар байгаа бөгөөд хэдхэн хоногийн өмнө Лашкаргах хотод мөн амиа золиослогч этгээд бөмбөг дэлбэлэн 40 гаруй хүн шархдаж, 7 хүн амиа алдсан юм.

2014 онд НАТО-гоор удирдуулсан холбоо Афганистан дахь ажиллагаагаа дуусгасан бол өнгөрсөн 7 хоногт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Талибаны эсрэг цэргийн армиа нэмэгдүүлэхээ мэдэгджээ.
Х.Сарнай 
Холбоотой мэдээ