Бүх шатанд урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэхийг ажлын хэсгийн ахлагч зөвөллөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-08-25 21:25:47
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймагт ажилласан Улсын Онцгой комиссын ажлын хэсэг тус аймагт тулгамдаж байгаа асуудлыг дээд шатны удирдлагуудад танилцуулахаа илэрхийлээд өвөлжилтийн бэлтгэл ажлыг сайн хангаж, бүх шатанд урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэхийг зөвлөлөө.

Өнөөдөр Улсын Онцгой комиссоос томилогдсон ажлын хэсэг Сэлэнгэ аймагт ажиллалаа. ОБЕГ-ын дэд дарга П.Баттогтохоор ахлуулсан ажлын хэсэгт ХХААХҮЯ-ны ахлах мэргэжилтэн Г.Наранчулуун, Хууль сахиулахын их сургуулийн тэнхимийн эрхлэгч, доктор, дэд хурандаа Х.Мягмаржав, МХЕГ-ын улсын ахлах байцаагч Д.Батмөнх, Цаг уур орчны шинжилгээний газрын мэргэжилтэн Г.Мөнгөнбаатар нарын хүмүүс багтсан байв. Ажлын хэсэг аймгийн Онцгой комиссыг хуралдуулан, холбогдох байгууллагуудын мэдээллийг сонсож, харилцан ярилцлаа.

Хуралд Сэлэнгэ аймгийн ОБГ, МХГ, УЦУОША, ХХААГ, ЭМГ зэрэг байгууллагууд оролцов. Тэд мал, амьтны гоц халдварт өвчин, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, 2017 онд цаг агаарт зориудаар нөлөөлсөн үйл ажиллагаа, аймгийн зуншлагын байдал, үр тарианы болц, МАА-н өвөлжилтийн байдал, цаашид авах арга хэмжээ, 2017-2018 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын төлөвлөгөөний хэрэгжилтийн талаар мэдээлэл хийж, тулгамдаж байгаа асуудлуудаа танилцуулсан юм.

Сэлэнгэ аймаг Монгол Улсыг гурилтай, талхтай байлгах эрхэм үүргээ нэр төртэй биелүүлж яваа аймаг. Энэ жилийн цаг агаарын халалтаас үүдэн улаанбуудайн хаврын тарилтын хугацааг харгалзахгүйгээр нэгэн зэрэг болц нь жигдэрснээс хураалтыг богино хугацаанд хийх шаардлага үүсээд байгааг аймгийн ХХААГ-ын мэдээлэлд дурдлаа. Мөн гантай байгаа зарим сумдад тодорхой хэмжээгээр ургац алдаж байгааг ч энэ үеэр танилцуулсан.
Ч.Отгонцэцэг
Холбоотой мэдээ