Унаач хүүхдүүдийн санал хүсэлтийг сонсож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2017-08-25 17:22:25
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Хурдан морь унаач хүүхдүүдийн “Хүүхэд та бидний ирээдүй” сургалт, зөвлөгөөн Арвайхээр хотноо 24, 25-ны өдрүүдэд болж байна.

Зөвлөгөөнд 19 сумын 36 хурдан морь унаач хүүхэд оролцож, хүүхдийн эрхийн болоод хүүхэд хамгааллын хуулиудаас суралцан өөрсдийн тулгамдаж байгаа асуудлаа ярилцсан байна. Хүүхдүүд морь унахаар бие, ялангуяа бөөр их өвддөг, өвлийн хүйтэнд морь унахаар нүүр, гар хөлддөг, өвдгөвч, тохойвч нь хүнд, хамгаалалтын хувцас бүрэн бус, уяачид загнаж, морины комиссынхон ялгавартай ханддаг гэх асуудлыг хэлж байсан бол нөгөө талаар хурдан морь унах дуртай, хөдөлмөрийн хөлс сайн авдаг гэх зүйлийг ч ярьж байлаа.
Уг сургалт, зөвлөгөөн нь хурдан морь унаач хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийг бууруулах, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, тэдгээрийн үзэл бодлыг сонсох зорилготой бөгөөд тэдэнд тулгардаг саад бэрхшээлийг хэрхэн шийдвэрлэх талаар төрийн болон бус байгууллагуудад санал зөвлөмж хүргүүлэх аж. Сургалтын үеэр “Би тэмүүлэлтэй Монгол сурагч ” лекц болон “Амжилтын гараа” урлаг, спортын үйл ажиллагааг явуулж, стандартын хувцас хэрэгсэлтэй байх талаар зөвлөгөө өгөв. Мөн зөвлөгөө өгөх мэргэжилтэн Ц.Отгонгэрэл унаач хүүхдүүдтэй ганцаарчлан ярилцаж, санал хүсэлтийг нь хүлээн авчээ. Уг арга хэмжээг аймгийн ХХҮГ-аас ГБХЗГ-тай хамтран зохион байгууллаа.
Б.Батчимэг
Холбоотой мэдээ