Өглөө бүр шинэхэн амтат бүтээгдэхүүнийг “Хаан түшгээс"...

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-08-24 15:49:35

Хэнтий /МОНЦАМЭ/. Хэнтий аймгийн хэрэглэгчиддээ өглөө бүр шинэ талх, өдөр бүр шинэ амттан зооглох бололцоог бүрдүүлэн ажилладаг “Нөмрөг Алтай” компанийн “Хаан түшиг” цехийг онцлон танилцуулахыг зорилоо.

Тус компанийн захирал Ц.Болормаа хүнсний технологич мэргэжилтэй бөгөөд Бээжинд талх, нарийн боовны мэргэшүүлэх сургалтад хамрагдаж байсан, аймгийн шилдэг “Бизнес эрхлэгч эмэгтэй” өргөмжлөлийг хүртсэн нэгэн. 

Ц.Болормаа “Бамбууш” компанийн мастераар ажиллаж байгаад 2009 онд орон нутагтаа талх, нарийн боовны цех нээн ажиллуулахаар нутагтаа иржээ. Тэрбээр зуны эхэн сарын шинийн 3-ны билэгт сайн өдөр Өндөрхаан хайрханд гарахдаа “Хаан уул минь намайг түшиж яваарай” хэмээн залбирсан аж. Хайрхандаа залбираад ийн бууж явахад нь “Хаан түшиг” гэсэн нэр санаанд нь бууснаар нэг ажилчин авч 6 төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн, бизнесийн гараагаа эхлүүлжээ. Нарийн боовны цехийн үйлдвэрлэл амжилтаар арвин байж, хэрэглэгчдийн тоо нэмэгдсэнээр 2012 онд “Нөмрөг Алтай” ХХК болон өргөжин одоог хүртэл тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байна.

“Хаан түшиг” цех нь үндсэн 20 ажилтантай. Савхан боорцог, хэвийн боов үйлдвэрлэлийн Чанамалын цех, баялаг, багачууд, еэвэн үйлдвэрлэлийн Жигнэмэгийн цех, Давхраатай хөөмөл зуурмагийн цех, Булочка, талхны үйлдвэрлэлийн цех ажиллан, нийт 21 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Хэнтий аймгийн төвийн болон сумдын хүнсний дэлгүүрүүдээр бүтээгдэхүүнээ хүргэж өгөхөөс гадна Сүхбаатар аймагт хоёр дахь жилдээ борлуулалтаа хийж байна.

Эдний туулайн чих, савхан болон бөөрөнхий боорцог нь олны танил брэнд бүтээгдэхүүн болж, аймагт тогтмол борлуулалтаа алддаггүй байна. Тус цехийн хэвийн боов ард олноос өндөр үнэлгээ авсан, амт чанараараа тэргүүлэх бүтээгдэхүүний тоонд ордог төдийгүй Улаанбаатар хотоос олны танил хүмүүс захиалан авдаг гэнэ. Сонирхуулахад, энэ жилийн зуны эхэн сарын шинийн 3-ны билэгт сайн өдөр гэхэд л 1600 хэвийн боов үйлдвэрлэсний 500 гаруй нь хүүхдийн үсний найранд, 1000 гаруйг уул овооны тахилгад зориулан захиалан хийлгэжээ.

Тус компани энэ зун үйлдвэрлэлийн байраа засварлан, хэрэглэгчдэдээ зориулан шинэлэг бүтээгдэхүүнүүдийг хийхээр төлөвлөн ажиллаж байна. Үйлдвэрлэлээ өргөжүүлснээр шинээр ажлын байр нэмэгдүүлж, орон нутгийнхаа хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулах нь дамжиггүй.

“Чанар манай амжилтын эхлэл” уриатай энэ хамт олон он гарсаар Жижиг дунд үйлдвэрлэлийн салбарын шилдэг “Entrepreneur-2016”, “Шилдэг шимтгэл төлөгч ажил олгогч байгууллага”-аар шалгарсан төдийгүй Аймгийн шилдэг татвар төлөгч аж ахуйн нэгжээр 3 дахь удаагаа өргөмжлөгдөөд байна.

 Д.Одонтунгалаг


Холбоотой мэдээ