Ази-Европын форумын сайд нарын уулзалт эхэллээ

Дэлхийд
jargal@montsame.mn
2015-11-05 13:03:20

ЛЮКСЕМБУРГ. /TASS/. Европт цагаачлалын хямрал ид өрнөж байгаа энэ үед Ази-Европын форумын /АСЕМ/ Гадаад хэргийн сайд нар болон албаны хүмүүсийн хоёр өдрийн уулзалт Люксембургт эхэлж байна.

Энэ он дуустал Европын Холбооны /ЕХ/ Зөвлөлийг Люксембург даргалж байгаа учраас АСЕМ-ын сайд нарын 12 дахь удаагийн уулзалтыг тус улсад зохион байгуулж байгаа юм. Сайд нар “Тогтвортой, аюулгүй ирээдүйн төлөө хамтран ажиллая” уриан дор зөвлөлдөн хэлэлцэж, санал бодлоо солилцоно.

Уур амьсгал ба гамшиг

Форумын үеэр хэлэлцэх асуудлуудаас үзвэл, 11 дүгээр сарын 5-нд эдийн засаг болон хүмүүнлэгийн хамтын ажиллагааны асуудлуудыг, байгалийн гамшиг болон техногеннийн сүйрэлтэй хамтран тэмцэх болон уур амьсгалын асуудлуудыг хэлэлцэнэ.

Үүнээс гадна, уулзалтад оролцогсод 2016 онд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод болох АСЕМ-ын 20 дугаар дээд хэмжээний уулзалтын бэлтгэл ажлын талаар хэлэлцэнэ.

Цагаачид ба Сири

Баасан гарагт уулзалтын үеэр хэлэлцэх гол сэдэв нь цагаачлалын асуудал, бүс нутгийн сорилтууд болон Сирийн дайн зэрэг мөргөлдөөнийг зохицуулах асуудал болно. Хойд Африк болон Ойрхи Дорнодын эн түрүүнд Ливи, Сирийн мөргөлдөөнийг зохицуулах асуудал нь цагаачлалын хямралыг шийдэхэд салшгүй чухал хэсэг юм гэж европчууд үзэж байна.

“Мөргөлдөөнийг зохицуулах тодорхой үйл ажиллагаа болон арга замуудыг эсвэл терроризмтой тэмцэх асуудлыг сайд нар хэлэлцэхгүй. Тэд эдгээр асуудлыг, мөн асуудлуудыг шийдэх арга замуудын тухай бид ямар үзэл бодолтой байгаа талаар өргөн хэлэлцүүлэг хийж, улс орнууд өөрсдийн туршлагаа хуваалцана” гэж ЕХ-г даргалж байгаа Люксембургийн төлөөлөгч мэдээлжээ. Түүний хэлснээр, ОХУ-ын Агаар-сансрын хүчний Сирид явуулж буй ажиллагааны талаарх асуудлыг “албан ёсоор хэлэлцэх асуудлуудад оруулаагүй боловч сайд нар энэ асуудлыг чөлөөт хэлэлцүүлгийн үеэр хөндөж болно”.

Хэлэлцүүлгийн үеэр мөн бусад бүс нутгийн аюулгүй байдлын асуудлуудыг хөндөнө. Тухайлбал, Хятад улс газар нутгийн маргаантай байгаа Наньша /Спартли/ бүлэг арлын эргэн тойронд үүсээд байгаа асуудлыг дахин хөндөх төлөвтэй байна.

Цагаачлалын хямралын үеэр

ЕХ-ны удирдлага дор болж буй АСЕМ-ын форум нь цагаачлалын хямрал улам бүр хурцадаж байгаа үед болж байна. Европын хилийн “Frontex” агентлагийн мэдээлснээр, зөвхөн 10 дугаар сард тус тивд 218 мянган цагаач ирсэн нь өнгөрсөн жилийн нийт үзүүлэлтийг давсан тоо юм. Он гарснаас хойш ирсэн цагаачдын тоо 930 мянга давжээ.

АСЕМ-ын сайд нарыг хүлээн авч байгаа Люксембург дүрвэгсдийн квотоор хүлээн авах европын системийн хэрэгжилтийн хүрээнд 30 хүн бүхий цагаачдын эхний бүлгийг 11 дүгээр сарын 4-нд хүлээн авсан байна. Уг системд тусгаснаар, 160 мянган цагаачийг ЕХ-ны 28 оронд ойрын хоёр жилийн хугацаанд тараан байрлуулах юм. Харин үлдсэн 770 мянган цагаач болон олноороо ирсээр байгаа дүрвэгсдийг хааш нь хийх вэ гэдэг асуултад хэн ч тодорхой хариулт өгч чадахгүй байна.

АСЕМ бол Европын 30 орон /ЕХ-ны 28 орон, Швейцарь, Норвеги/, мөн Энэтхэг, Хятад, Пакистан, Японыг оруулаад “Азийн 21 орны" хооронд төдийгүй АСЕМ-д Азийн бүлэгт багтдаг Орос, Австралийн хооронд санал бодлоо өргөн солилцох яриа хэлцээний талбар юм.

Форумын төгсгөлд уг форумыг даргалагч ЕХ-ны гадаад хэрэг, аюулгүй байдлын бодлого хариуцсан дээд төлөөлөгч Федерика Могерини мэдэгдэл хийж, хэлэлцүүлгийн үр дүнг нэгтгэн танилцуулна.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ