Гахайнаас хүнд эрхтэн шилжүүлэхэд нэг алхам ойртлоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
dorjkhand@montsame.mn
2017-08-15 17:18:13
ВАШИНГТОН. /TheGuardian/. Гени засварлах шинэ технологийн тусламжтайгаар гахайнаас хүнд эд эрхтэн шилжүүлэх чиглэлд томоохон алхам хийсэн туршилтыг Америкийн эрдэмтэд амжилттай хийж гүйцэтгэжээ.

"CRISPR-Cas9" гэгддэг генид засвар хийх технологийг ашиглаж Харвардын их сургууль болон "eGenesis" компани хамтран гахайны үр хөврөлийг хүнд хортой вирусгүйгээр бий болгож чадсан байна. Гахайнд байдаг уг вирус нь хүний биед нэвтэрвэл үхлийн аюулд хүргэдэг юм байна.

Туршилтын үр дүнг саяхан шинжлэх ухааны "Science" сэтгүүлд нийтэлжээ. Тайланд дурдсанаар, эрдэмтэд гахайны биед байдаг "PERVs" (Porcine Endogenous Retroviruses) вирусгүй 37 ширхэг гахайн үр хөврөлийг лабораторид бий болгож чадсан тухай мэдээлсэн байна. Гахайн эд эртхэнг хүнд шилжүүлэхэд уг вирус нь саад болдог аж.

Ингэснээр цаашдаа зүрх, элэг, уушги зэрэг ховор эрхтнүүдийг гахайнаас хүнд шилжүүлэн суулгаж болдог болох нь. Гэхдээ ийм шилжүүлэлтийг албан ёсоор зөвшөөрөхийн өмнө гахайнаас хүн дүрст мичинд шилжүүлэх туршилтыг хийж, үр дүнг нь ажиглах ёстой. Тиймээс бодитой хэрэгжиж эхлэх хүртэл дахиад хэдэн жилийн хугацаа шаардлагатай байгаа ажээ.

 

Г.Доржханд

Холбоотой мэдээ