Эрсдэлт бүлгийн хүүхэд, эхчүүдэд хоол тэжээлийн үйлчилгээ үзүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2015-11-03 15:11:57

Өвөрхангай аймгийн ИТХ-ын 2013 оны 26 дугаар тогтоолоор “Эрсдэлт бүлгийн эх, хүүхдийн хоол тэжээлийн тусламж үйлчилгээ үзүүлэх” сувилалыг бий болгосон. Уг үйл ажиллагааг Чинмэнд хувийн эмнэлэг хариуцан ажиллаж байгаа ба эмчилгээ, сувилгааны зардлыг Эрүүл мэндийн даатгалын сангаас гаргаж байгаа юм.

2013 онд 14 сая төгрөгийн санхүүжилтээр 29 жирэмсэн эх, 0-5 насны 65 хүүхдэд дээрх тусламжийг үзүүлсэн бол 2014 онд 80 жирэмсэн эх, 184 хүүхдэд 20 сая төгрөгийн эмчилгээ, сувилгаа үзүүлсэн байна.

Энэ онд цус багадалт, тэжээлийн доройтол, сульдаа, амьсгалын замын эмгэгтэй 269 хүүхэд чийрэгжүүлэлт, борогшуулалтад хамрагдаад байгаа ба хоол, тэжээлийн дутагдалтай 27 эх, жирэмсэн 31 эмэгтэйд эмчилгээний тусламж хүргээд байгаа аж.

Чийрэгжүүлэлт, борогшуулалтанд хамрагдаж байгаа хүүхдүүдэд усанд оруулах, иллэг массаж хийх, нас, биеийн онцлогт тохирсон хоолоор хооллох, элсэн дээр тоглуулах, сэргээн засах зэрэг эмчилгээ үйлчилгээг үзүүлдэг бол тухайн хүүхдийн эцэг эхэд зохистой хоолоор үйлчилж, сургалт мэдээлэлд хамруулах, сэргээн засах иллэг хийлгэж сургах зэрэг ажлуудыг зохион байгуулдаг аж.

Б.Батчимэг

Холбоотой мэдээ