“Эрүүл хот” дэд хөтөлбөрийн хүрээнд салбар зөвлөл байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2017-07-17 00:33:58
Дархан-Уул /МОНЦАМЭ/ Тус аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралд аймгийн Захирагчийн Албанаас “Эрүүл хот” аймгийн дэд хөтөлбөрийг дахин танилцууллаа. Аймгийн ЭМГ-ын дарга Б.Батцэнгэл: “Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага”-аас “Эрүүл хот гэдэг нь физик, нийгмийн орчноо тасралтгүйгээр сайжруулж бүтээн байгуулж буй хотыг хэлэх бөгөөд тэдгээрийн бүхий л үйл ажиллагаа нь хүний сайн сайхан амьдралын төлөө чиглэгдэж салбар бүрийн оролцоог дээшлүүлж ажиллана” хэмээн тодорхойлсон байдаг.

“Дархан-Эрүүл хот” гэсэн товч тодорхой ойлголтыг амьдралд хэрэгжүүлэхээр “Эрүүл хот” дэд хөтөлбөрийг боловсруулж хотын иргэд салбар хоорондын болон олон нийтийн хамтын идэвхтэй оролцоог дэмжиж, эрүүл, аюулгүй амьдрах орчин бүрдүүлж хүн амын амьдралын хүртээмж чанарыг дээшлүүлэхээр зорьж байна” гэж танилцууллаа. Уг хөтөлбөрийн хүрээнд аймгийн Засаг даргын дэргэдэх орон тооны бус “Эрүүл хот”-ын зөвлөлийг байгуулж орон нутгийн болон олон улсын сүлжээнд нэгдэж хот, суурин газрын оршин суугчдын аюулгүй эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулж дэд бүтцийн шат дараалалтай шинэ бүтээн байгуулалтыг төлөвлөлтийн хүрээнд хийж “Ногоон загвар хот” болно. Үүний тулд нийгмийн сэтгэл зүйн таатай хотын орчинг бүрдүүлэхээр  үндсэн таван зорилтыг дэвшүүлжээ. Үүнд Гэр хороололд төвлөрсөн усан хангамжийн шугамаас холбогдсон “Ухаалаг ус түгээх цэг” байгуулах, “Эрүүл хот”-ын чадавхыг сайжруулах соён гэгээрүүлэх ажлуудыг зохион байгуулах, “Эрүүл баг”, ”Эрүүл сум”, “Ногоон хөгжилд ээлтэй хамт олон” зэрэг иргэн аж ахуйн нэгж, байгууллагыг шалгаруулах болзол гаргах. “Эрүүл хотыг чадавхжуулах төв” ТББ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлж олон улсын туршлагаас судлаж хэрэгжүүлж MNS 5924:2015 стандартыг хэрэгжүүлж Хабитатын гэр хорооллын цэвэр, дулаан, бохир усны шугамын ажлыг үргэлжлүүлэх зэрэг олон ажлуудыг хийхээр төлөвлөжээ.
Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид уг хөтөлбөрийн тайланг улирал тутамд Тэргүүлэгчдийн хуралд танилцуулах үүрэг өгч 100 хувийн саналаар баталлаа.
                                                                                                                                                           Б.Норовсамбуу
Холбоотой мэдээ