Шинэ ерөнхийлөгч ба Монголын шинэ замнал

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ДЭЛХИЙД БИДНИЙ ТУХАЙ
adiyakhuu@montsame.mn
2017-07-13 14:58:23
МОСКВА./asiarussia.ru/ Шинэ ерөнхийлөгчийнхөө үед Монгол Улс Хятадын нөлөө тэлэлтийг хязгаарлаж эхлэх бол харин Оросын хувьд “хөрөнгө оруулалтын хэд хэдэн нэмэлт цонх”-той болж магадгүй. Ийм дүгнэлтийг Оросын ШУА-ийн Алс Дорнодын хүрээлэнгийн захирал Сергей Лузянин хийжээ.
 
Ард олны дундаас төрсөн бизнесийн хүн

Халтмаагийн Баттулга бол амьдралын маш сонин замналыг туулсан тамирчин, бөх хүн бөгөөд хожим нь томоохон бизнес эрхэлж байв. Тэрбээр ард түмний дундаас, бизнесээс төрсөн хүн юм. Ард олны дунд нууцлаг байдлаар орших Хятадаас эмээх айдас, Хятадын эсрэг үзлийг тэрбээр хувь хүнийхээ хувьд өөртөө төвлөрүүлэн шингээсэн байна.

Харин Оросын талаарх ийм үзэл Монголд байхгүй бөгөөд Зөвлөлт-Монголын харилцааны хуучин тогтолцоо 1991-1992 онд нуран унах үед ч гэсэн ийм хандлага гарч байгаагүй юм.  

“Энэ утгаараа Баттулгын хувьд төрийн эрхэнд гарангуутаа Хятадын нөлөөг хэсэгчлэн хязгаарлах болно” гэж шинжээч С.Лузянин үзэж байна.

Түүний дүгнэн хэлснээр, Монголын эдийн засаг дахь Хятадын нөлөө тэлж байгаа нь нь тогтолцооны шинжтэй бөгөөд ялангуяа энэ нь нүүрс, зэс, цагаан алт, мөнгө, ураны стратегийн ач холбогдол ордуудад түлхүү илэрдэг ажээ. “Монголд 75 стратегийн орд байдаг бөгөөд тэдгээр нь бүгдээрээ маш их үнэ цэнэтэй, асар их ач холбогдолтой” гэж С.Лузянин хэллээ.

Гэхдээ шинэ ерөнхийлөгчийн хувьд Хятадтай тогтоосон харилцааг бүрэн таслах эсвэл эрс хязгаарлаж чадахгүй бөгөөд учир нь, Монгол Улс нь экспорт, импортын тал дээр Хятадаас асар их хамааралтай байгаа юм.  

Оросын “хөрөнгө оруулалтын нэмэлт цонх”

Х.Баттулга сонгуульд ялснаар Орос-Монголын харилцаа өөрчлөгдөхгүй бөгөөд харин ч өмнөхөөс илүү сайжирна гэж С.Лузянин үзэж байна. Хэдийгээр Х.Баттулгын хувьд Ардчилсан намын ашиг сонирхлыг илэрхийлж байгаа боловч өнөөдрийн хувьд Монгол Ардын нам болон Ардчилсан намын хооронд гадаад бодлогын чиг баримжааны тал дээр зарчмын зөрүү байдаггүй юм.

“Энэ утгаараа Оросын хувьд Ардчилсан намын эсвэл Монгол Ардын намын хүн ялах нь зарчмын хувьд ялгаагүй юм. Юуны түрүүнд Баттулга нь хувь хүнийхээ хувьд ихээхэн сонирхол татдаг. Тэрбээр нэлээд бие даасан улстөрч билээ. Мэдээж Хятадтай харилцахад тодорхой саад бэрхшээл гарах бөгөөд энэ саадыг Улаанбаатар өөрөө зохиомлоор бий болгох болов уу. Харин Оростой харилцах харилцаанд ийм саад бэрхшээл гарах нь юу л бол, Оросын хөрөнгө оруулалтад ч нөлөө үзүүлэхгүй. Харин ч Орос улс эсрэгээр “хөрөнгө оруулалтын хэд хэдэн нэмэлт цонхтой” болох болов уу гэж шинжээч С.Лузянин дүгнэж байна. /2017.07.10/

http://asiarussia.ru/articles/16943/

Б.Адъяахүү   
Холбоотой мэдээ