Аймгийн “Хүндэт дэвтэр”-т гурван иргэнийг бичиж, алдаршууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2017-07-10 16:12:17
Дархан-Уул /МОНЦАМЭ/ Тус аймгийн Засаг дарга, түүний Тамгын газраас жил бүрийн Үндэсний их баяр наадмын өмнө аймгийнхаа хөгжил цэцэглэлтэд онцгой хувь нэмэр оруулсан шилдэг тэргүүний иргэдийг аймгийнхаа “Хүндэт дэвтэр”-т бичиж алдаршуулдаг уламжлалтай.
Энэ жилийн баяр наадмаар “Дархан Нэхий” ХХК-ийн захирал Э.Батсайхан, “Шарын гол” ХХК-ний Төлөөлөн Удирдах зөвлөлийн дарга Б.Батмөнх, Хараагийн Дарь Эхийн ламын “Гэцогдаржайлин хийд”-ийн Да лам Д.Базаррагчаа нарыг Дархан-Уул аймгийн “Хүндэт дэвтэр”-т бичиж алдаршууллаа.
“Дархан Нэхий” ХХК-ийн захирал Э.Батсайхан нь Монгол Улсын Арьс ширний тэргүүлэх үйлдвэр “Дархан Нэхий” компанийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн эх орондоо төдийгүй дэлхийн зах зээлд Монгол улс, тэр дундаа Дарханыхаа нэрийг олон жил алдаршуулж улс аймгийн төсөвт ихээхэн татвар төлдөг шилдэг байгууллага учир түүнийг олон жил чадварлаг удирдаж ирсэн тул ийнхүү алдаршуулсан байна. “Шарын гол” ХХК буюу Шарын голын уурхай нь Дархан-Уул аймгийн хэрэгцээт бүх нүүрсийг дангаараа хангаж “Дархан Дулааны Цахилгаан станц” ТАХК-ийг найдвартай ханган ажиллаж ирсэн гавьяат үйлстэй байгууллага учир түүнийг удирдаж яваа Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Б.Батмөнхийн хичээл зүтгэл их учир хүндэт дэвтэрт бичжээ.
Хараагийн Дарь Эхийн ламын “Гэцогдаржайлин хийд”-ийн Да лам Д.Базаррагчаа нь Монгол улсынхаа түүх соёлыг сэргээн хөгжүүлэх үйлсэд онцгой хувь нэмэр оруулж тухайлбал тус хийдийг 70 жилийн дараа бусадтай хамтарч сэргээн хөгжүүлэх үйлсэд онцгой хувь нэмэр оруулсан тул ийнхүү аймгийн “Хүндэт дэвтэр”-т бичигдэж байна гэж аймгийн Засаг дарга С.Насанбат онцоллоо.
                                                                                                                                                           Б.Норовсамбуу
Холбоотой мэдээ