Швейцарийн холбооны улсын Элчин сайд Хөвсгөлд ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-07-07 15:48:51
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймагт Швейцарийн холбооны улсын Элчин сайд Жан-Жак де Дардел, Ерөнхий консул Габриелла Сприелла болон холбогдох хүмүүс өнөөдөр ажиллаж байна. Тус аймагт Швейцарийн Хөгжлийн агентлагийн санхүүжилтээр малын эрүүл мэнд, бэлчээрийн менежментийг сайжруулах Ногоон алт төсөл, Төлөөллийн засаглалыг дэмжих, Нийгмийн эгэх хариуцлагыг дэмжих гэсэн 3 төсөл хэрэгжиж байгаа бөгөөд төлөөлөгчид төслийн явцтай танилцаж байна.
Төслийн хүрээнд төр, төрийн бус байгууллага, малчдын бэлчээр сайжруулах чиглэлээр хийж буй ажлын уялдаа холбоог сайжруулах, малчдын санал бодолд тулгуурласан ажил хэрэгжүүлэх зорилгоор сум бүрт бэлчээрийн менежментийн ажлын хэсэг байгуулагдаж үйл ажиллагаагаа эхлүүлжээ. Сумын бэлчээр ашиглах журам, бэлчээрийн менежментийн төлөвлөгөөнд малчдын дөрвөн улирлаар нүүдэллэх уламжлалт хэрэгцээ шаардлагыг хангасан нүүдэл, сэлгээний хуваарь болон бусад төлөвлөсөн ажлуудыг тусгаж мөрдөх ажлуудыг эхлээд байгаа гэнэ. Мөн аймгийн Засаг дарга Л.Ганболдтой уулзаж хамтран ажиллах арга хэмжээний талаар харилцан ярилцлаа. Өнөөдрийн байдлаар тус аймгийн Алаг-Эрдэнэ, Цэцэрлэг, Улаан-Уул, Арбулаг, Цагаан-Уул гэсэн 5 суманд Ногоон алт, Малын эрүүл мэнд төсөл хэрэгжиж байна. Уулзалтын үеэр цаашид хамтын ажиллагааг өргөжүүлэн 2020 он гэхэд аймгийн нийт суманд малын эрүүл мэнд төслийг хэрэгжүүлж үр дүнд хүрэх, хоймор нутгийн брэнд сарлагийн хөөвөр зэрэг бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд гаргах зэрэгт талаар Хөвсгөл нутгийн хөгжлийн төлөө хамтран ажиллахаар боллоо.
Б.Гантуяа 
Холбоотой мэдээ