Бурхнаас заяасан цаг хугацаан дахь эрх чөлөөний магтуу

ТОЙМ
altankhuyag@montsame.mn
2017-06-30 15:43:24

Хэн ч Гүр.Нямдорж шиг гэнэтийн огцом эргэлттэй, санаанд оромгүй үйл явдлуудыг уянгийн хэмнэлээр сүлэн, домгийг орчин цагийн абсурдизмтай хольсон туурвилыг бүтээгээгүй билээ. “Манай эриний хүн”, “Цочоод сэрсэн заяа” өгүүллэгүүдийн цочмог үйл явдуудын адилаар түүний амьдралд ч үхэл гэнэт ирсэн гэдэг. Яруу найраг, хүүрнэл зохиолын бүтээлүүд нь Монголын уран зохиолын нандин өвд тооцогддог.
           
Түүний “Манай эриний хүн” өгүүллэгт “Хамгаалахын төлөөлөгч дэргэдээ сумлан тавьсан винтовоо шүүрэн авч, бөгсөөр нь зайрангийн нүүр рүү цохиход цаадах нь ийм настай хүнд баймгүйгээр гялсхийн зайлж амжлаа. Омог дүүрэн түлхсэн бууны бөгс зайрангийн налан суусан хананд түгхийн тусмагц замаг мултарч буун дуу тасхийв. Дарины эхүүн үнэр агаарт замхарсны дараа зайран сая нүдээ нээвэл, хэдхэн хормын өмнө өөрийг нь винтовоор цохих гэж байсан догшин эр бууныхаа суманд тархиараа зад цохиулаад оргодлуудын хоолоо иддэг вандан ширээний дэргэд хэвтэж байлаа. Хамгаалахын төлөөлөгч харамсалтайгаар нөгчиж, зайран суллагдлаа. Эрх чөлөө өөрөө иржээ” хэмээсэн байдаг. Гэвч “эрх чөлөө өөрөө иржээ” гэдэг нь энэхүү эрх чөлөө агшин зуурынх гэдгийг шуудхан илтгэж байна. Жан Поль Сартр “Эрх чөлөөтэй байхаар яллагдсан хүн энэ орчлонгийн хамаг хүнд хүчрийг мөрөн дээрээ үүрч явдаг юм” гэсэн буй. Гэвч тэр хүн дэндүү бардам, дэндүү зоригтой байдаг ажгуу. Тийм л хүмүүсийн нэг нь Гүр.Нямдорж байсан гэдгийг зохиолууд нь бэлхэнээ батлан харуулна. Өөрөө л гэнэтхэн хүрээд ирсэн эрх чөлөөнд ямархан нууцлаг зүйлс агуулагдаж буйг зайран Занабаранз сайн мэдэж байжээ.

“Наран баруунаа хэлбийж байхад Занабаранз алагдсан төлөөлөгчийн цусыг нь булгийн хүйтэн усаар угааж цэвэрлээд ойролцоох ээвэр дэвсэгт оршуулж дээр нь ёдрын бууг нь хатгалаа”  гэх буюу “Занбаранз өвгөн хожуулын дэргэд зогсон тулган дээрээ хонгор зулын ханд буцалган ууж цайлаад байшиндаа орж унтахаар хэвтлээ...” гэжээ. Эрх чөлөөг дээдийн дээд баяр хөөр бэлэглэгч, өөрийн хүссэн зүйлээ хийж болохоор амар хялбар утгас агуулсан мэтээр шуудхан ойлгочихож болохгүй гэдгийг нь Гүр.Нямдорж, Заранбанзын цогцосны цусыг булгийн хүйтэн усаар угаах, тайвуухан цай уугаад амарч буй зэрэг хэн нэгэн үхчихсэн буйд огтхон ч сандралгүй амгалан тайван гэрэлтэх дүрээр илэрхийлэн гаргажээ. Ерөөс бүтээлүүдийг хэдэн хэсэг болгон, үе мөчөөр нь задаллаа ч гэсэн аль нэг өгүүлбэр, үгийн зайн дунд ямар нэгэн гойд санаа үлдчихээд байгаа мэт санагддаг. Өгүүллэгт гарч буй хамгийн нарийн өгүүлэмжүүд нь Занабаранзын урьд насны дүрүүдийн тухай бөгөөд хувилгаан чанар, тарнийн нууцсын тухай юм. Гагцхүү энэ бүх зүйлсийн утга учир эрх чөлөөгүй болох мөчид жинхэнэ мөн чанараа алдалгүйгээр оршсоор л байна гэдгийг винтовын суманд зад цохиулсан хөгшин нарсаар дүрслэн үзүүлж өгүүллэг төгсчээ.
           
Нөгөөтэйгүүр зохиолч маань “Танихгүй хүн” өгүүллэгт энэхүү эрх чөлөөний тухай асуудлыг дээрх өгүүллэгтэйгээ эсрэгцүүлэн онхи өөр зүйлийг нээсэн байна. Гонс хэмээх Берлинд их сургууль төгссөн физикч залуу троллейбусны цонхоор гудамж руу хараад л нэгэн эмэгтэйд дурлаж орхино. “Гонс автобусны буудал дээгүүр эргэлдэж байв. Хараад л алдсан зуны бүсгүйг энэ буудалд буугаад гэр рүүгээ явдгийг тэр өчигдөрхөн алтан тохиолдлоор мэдэж авсан. Өнөөдөр түүнийгээ батална.” Нэг ёсондоо Гонс ингээд л эрх чөлөөтэй хоригдол болжээ.

Түүнд бусдын тухай огтхон ч бодолгүй, өөрийн эрх чөлөөнд дулдуйдсан амгалан тайван амьдрал буй боловч тэр өөрийгөө энэ хорионд дуртай нь аргагүй оруулж өөрийгөө тойрон хүрээлэх ертөнцийн тухай умартаж ганцхан зүйлийг хүсч, түүний төлөө алхах, хийх үйлдлүүдээ цэгнэж буй нь хүн ёсны хувьд жинхэнэ хорионд орсон хэрэг болж таараад буй юм. Эрх чөлөө өөрөө ирэх, эрх чөлөө өөрийгөө хорих хоёрт чухам ялгаа үгүй гэдгийг гол дүрийн сэтгэлзүй, ахуйд хандах хандлагаар нь тодорхойлж, өгүүллэгийн далд утгыг нууцлагдмал болгосон байна. Чухам өөрийн төлөвшил хийгээд хүрээлэн буй ахуйн хүнд хүчир, хар бараан үйл явдлуудаас өөрт олгож буй таашаал, өөрийн мэдэж буй бүхний үнэ цэнэ л жинхэнэ эрх чөлөө байдаг болохоос бусдын гарт баригдах, торонд хоригдож үлдэх нь эрх чөлөөг хорьж буй хэрэг бус юм.

Гагцхүү торны цаана суух нь бусдаас эрс ялгарах өвөрмөц ахуйг бий болгож, ухамсар чинь түүнийг таатайгаар хүлээн авч байвал энэ нь эрх чөлөө болно гэсэн үг. “Манай эриний хүн” өгүүллэгийн гол дүр болох Занабаранз, “Танихгүй хүн” өгүүллэгийн Гонс нар нь эрх чөлөөний асуудлыг оюундаа огтхон ч бодож үзээгүй боловч ахуй нь үүнийг бий болгож байгааг төгсгөлд нь ухаарч чадсан тусгай утга санаагаар биежиж бүрэлдсэн дүрүүд. Харин хоёр өгүүллэгийн эсрэгцүүлсэн санаа нь энд урган гарна. Занабаранзад эрх чөлөө өөрөө ирж байгаа бол, Гонс гэнэтхэн л эрх чөлөөгүй болчихож байгаа юм. Дурласан, танихгүй бүсгүйнхээ гэрийг ухсан хэргээр төмөр торны цаана нэлээдгүй суухдаа түүнд угаас эрх чөлөө хэрэгтэй юу, хэрэггүй юу гэдэг талаар эргэцүүлж суугаа хүн шиг аашилна. Учир тэр нэгэн хэвийн байцаалт, шоронгийн амьдралд сүүлдээ дасчихдаг. Нэг ёсондоо Гүр.Нямдорж өгүүллэгүүдийнхээ утга санааг энгийн үгүүдээр далдалж орхиод, үйл явдлуудыг гайхалтайгаар холбон сүлжиж, уран зөгнөлийг маш нухацтай, анзаарагдамгүй байдлаар хольж орхидог нь тухайн үеийн Монголын уран зохиолд онгой үзэгдэл байсан нь зайлшгүй.
           
Мөн “Танихгүй хүн” өгүүллэгийн хамгийн гүн санаа нь цаг хугацааны тухай асуудал юм. “-Цаг хугацаа бол багш юм. Харамсалтай нь тэр багш шавь нараа хөнөөдөг гэж Берлиоз хэлсэн. Та арай ганцаараа хорвоог барна гэж бодож байгаа юм биш биз дээ!
-Одоохондоо хариулж чадахгүй байна. Харин саяын цэцэн үгийг чинь ердөө л “цаг хугацаа бол муур багш” гээд оруулчихаж болох байж дээ” хэмээсэн эл өгүүлбэрүүд дотроо цаг хугацааны өөрчлөлт, хувиралын тухай цогц санааг агуулсан бөгөөд энэ нь эцэстээ үхлийн тухай бодоход өөрийн эрхгүй хүргэнэ. Бүгд л “Муур багш”-ийн тухай үлгэрийг мэддэг шүү дээ. Хулгануудыг хуурч мэхлэн нэг нэгээр нь барьж иддэг. Үүнтэй адилхан цаг хугацаа биднийг аж төрөхүйн олон ухаанд сургаж, боловсруулдаг ч эцэстээ хүн үхдэг. Нэг ёсондоо цаг хугацаа гэгч “муур багш” шавь нараа идчихэж буй юм. Харин өгүүллэг төгсөхөд Гонс хаашаа ч юм бэ алга болоод түүнтэй нэлээдгүй төстэй ч нүүрний өнгө нь арай гэгээтэй Хүрэл гэх залуу өрөөнд нь суурьших ч мөн л хүүхэн хараагүй хүн байдаг. “Цаг хугацаа танихгүй хүнийг ч өөрчилдөг ажээ” гэх өгүүлбэрээр өгүүллэг төгсөнө. Нэг ёсондоо Гонс, Хүрэл хэмээх залуу болон өөрчлөгдөв. Бид ч ийн өөрлөгдөж, өөрөөс минь үлдсэн зүйлийг гэрчлэх хүмүүсийн эрх чөлөө, цаг хугацааны  тухай элдвийн яриануудыг үл сонсох аниргүйд хөвөн одох цаг хугацаа хэмээгч “муур багш”-ийн шавь нар юм.
           
Харин “Нинжмэд”, “Цочоод сэрсэн заяа” өгүүллэгүүдэд нь цаг хугацаанд идэгдэж орших хүмүүний үйл, сүнслэг үйл явдлуудыг зүүд мэт өгүүлэмжүүдээр холбосон байдаг. Зөн совингийн шинжтэй олон дүр, зургуудийг өгүүллэгт гарах үйл явдлуудыг бичиглэн суухдаа эрхэм зохиолч маань үг бүрээс нь өлгөчихсөн мэт санагдана. Нинжмэд юу ч сонсдоггүй, юу ч ярьдаггүй зохиолч охин. Тэр угаас бүхнийг сонсдог, бүхэнтэй ярьдаг байх ямар ч боломжгүй дүр болон бүтээгдсэн.

Нөгөөтэйгүүр тэр уран зохиолын төрмөл авьяас нь тодоос тод гялалзаж байсан хэдий ч мартагдах шахсан бөглүү сууринд амьдарч, мартагдсан хүн болж төгсдөг. Түүнийг суурингийн зохиолчдын бүлгэмд явдаг хэдэн нөхдөөс өөр таних хүн үгүй. Бүр тэд ч танихгүй. Хамгийн сайн мэддэг хүн бол Бадай гэх сэтгүүлч залуу юм. Нинжмэдий бүтээлийг хэвлүүлэхээр олон удаа хотын сонин хэвлэлд илгээсэн боловч усанд хаясан чулуу шиг алга болжээ. Хариу нэг ч ирсэнгүй, сонинд хэвлэлд нийтлэгдсэнгүй. Эцэстээ “Нинжмэд Бадайгийн өвөр дээр байсан туужийн номоо авч, өнөөх олон хавтсан дээр нэмж тавилаа. Тэгээд пийшингийнхээ тагийг онгойлгож, даарч, хөрч ирсэн хүмүүсийн хөлсийг бурзайтал таатайяа өрвөлзөн асаж байсан гал руу хавтастай бүх зохиолуудаа түлээ мэт тоомжиргүйхэн шидэж орхив.”  Цаг хугацааны дутуу дулимаг хуудаснаас ганц нь л үлджээ. Тэр нь Нямдорж гэдэг хүнд Нинжмэдийн “Гитар барьсан мэргэжилтэн” гэх нэг өгүүллэг байгаа юм.

Хэтэрхий зожиг, ганцаардмал хүмүүст зориулсан мэт эл өгүүллэг тухайн үеийн нийгмийн бурангуй байдлыг эрс буруушаан галд хуйлхах мэт бичлэгтэй ба цаг үетэйгээ огтхон ч нийлдэггүй, сэтгэмжин дунд аж төрдөг авьяастнууд үргэлжид өөрсдийн оршихуйгаа бусдаас аврахын тулд бүтээлүүдээ нууж, устгаж орхиод явах замаа өөрийн гараар зурж, өрж байдгийг сануулсан, өнгөт зураг шиг харуулсан гайхалтай бүтээл гэдэгтэй би л хувьдаа бүрэн эвлэрнэ.
           
Өгүүллэгийн төгсгөлд гэнэт гарч ирэх Нямдорж гэх залуу бол зохиогч өөрөө билээ. Тиймээс өнөөх сууринд зохиол бүтээлээ хэвлүүлж чадалгүй зовж яваа, эцэст нь бүхий зохиолуудаа шатаачихаад тайван инээмсэглээд цай оочиж суух Нинжмэд бүсгүй бол Гүр.Нямдорж өөрөө юм. Энэ тухай яруу найрагч, орчуулагч Ж.Нэргүй “Хүмүүсийн тухай роман” номондоо ийн дурьдсан байдаг. “Гүрж.Нямдоржид маань бас “Гитар барьсан мэргэжилтэн” гэдэг, зүрхний уг руу ёгхийтэл хатгуулмаар, тэгсэн атлаа гэгээн гэдэг нь жигтэйхэн үгүүллэг бий. Тэгэхээр мартагдсан бөглүү сууринд Месопотамийн боолуудын хувь заяаг дэнсэлж, уран зохиолын уншаагүй ном аймгийн төвөөр сураглаад олоогүйн учир Томас Кампанеллагийн “Наран хот” хэмээх коммунизмын үл гүйцэлдэх үзлийн номыг бараг л цээжилж, Туушин голын хүйлс, /арал/ дээрхи гацаа руу цас чихруулан алхаж явахдаа Фэтийн дөрвөн мөртүүдийг чангаар үглэж явсан тэр зохиолч маань үнэн чанартаа хэлгүй, дүлий Нинжмэд бүсгүй биш, харин яг л “Гитар барьсан мэргэжилтэн” шиг хөлгүй болсныхоо эрхээр бүжиглэж чадахгүйдээ гутарч явсан, мөн л хөлгүй хазгар Нямдорж минь байсан гэдэг нь ойлгомжтой.” (Ж.Нэргүй “Хүмүүсийн тухай роман” 2008 он, “Архиныхаа болор жүнзийг алгандаа бяц атгамаар аа...” 203-р тал)

Цаг хугацаа бүхнийг эдгээж, бүхнийг хувиргаж, шинэ ертөнцийг нээх тусам түүний хэвлийд цогцоснууд олширч байдаг гэх санаанууд Гүр.Нямдоржийн өгүүллэг бүрт нь туссан байдаг. Тэдгээрийн нэг бол “Цочоод сэрсэн заяа”. Гэнэтийн аймшигт зүүднээс сэрээд эргэн тойрноо харахад хичнээн их аз жаргалыг мэдэрдэг билээ. Харин эл өгүүллэгт өгүүлэгдэж буйгаар хар дарсан зүүдэндээ л амьдрах нь сэрэхээс хавьгүй дээр санагдах мэт сэтгэгдлийг төрүүлдэг.
           
Гол дүрийн баатрын нагац ах нь том лам байсан учир Содномдаржаа нэрийг хайрласан боловч эцэг нь Бүрэнболд болгон өөрчилжээ. Анхнаасаа л түүнийг ингээд өөр хүн болгон хувиргачихсан бөгөөд цаашид тохиолдох гэнэтийн зүйлүүд нэрийг нь сольсонтой нягт холбоотой юм шиг... Бүрэнболдын ээж нь хэвтрийн хүн бөгөөд аав нь асран халамжлахын тулд Английн нэгэн пүүст алба хашина. Бүрэнболдын санааширч харж явах болсон охин нь нэгэн удаа тэрэгчин явуулж “Эвгүй үг хэлж гомдоосныг минь өршөөгөөрэй. Өчигдөр би “Алтан бумбан дахь лишийн цэцэг” гэдэг ном авсан. Чамайг хүсвэл хоёулаа нийлж уншъя. Сайн өдөр. Үлэмж”  гэсэн захидал илгээдэг.

Дорнын соёл нэвт шингэсэн, эротик өгүүлэмжтэй эл номыг зохиогч зүгээр ч нэг дурьдсангүй бөгөөд нэгдүгээрт Үлэмжийн аав Дамчаа ламын эрдэм чадал, ухааныг илтгэх, хоёрдугаарт Үлэмжийн чин үнэнч сэтгэл, Бүрэнболдод талтай гэх сэтгэлийг нь зүгээр л нэг номын нэр хэлээд бататгаад өгч байгаа юм. Гэвч тэдний зам салж Бүрэнболд аавыгаа даган Лондон орж, Үлэмж эх орондоо үлдэнэ. Харь оронд бизнес нь амжилттай цэцэглэж байсан хэдий ч халуун бүсийн эдгэшгүй өвчин тусна. Уг өвчнийг анагаах эм бүтээгээд байсан боловч дөнгөж туршилтын шатандаа явж байх аж.  “Намайг хоёр сарын турш халууран үхлийн даваан дээр очоод байхад аав маань хүмүүстэй уулзаж, тухайн үедээ жирийн хүний санаанд ормооргүй нэгэн зүйлийг хийхээр бэлтгэсэн байв. Тэр үед үүнээс өөр зөв зам үнэндээ алга байжээ. Ийнхүү намайг үхэхээс өмнө цусыг минь юүлэн хөлдөөжээ.”



Агуу их туульс, үлгэрт л гарч болмоор этгээд санааг уран сайханжуулж жинхэнэ хар дарсан зүүдний өгүүлэмжүүд ийн үргэлжилдэг. Цусыг нь юүлсний дараа сүнс нь эрх чөлөөтэй болон нисэж Монголд очоод хайртай бүсгүй болох Үлэмж нь хүний эхнэр болохгүй гэсэндээ хэрхэн амиа егүүтгэж байгааг хардаг. Үүний дараагаар жараад жил хөлдүү хэвтсэн цусыг биед нь буцааж Бүрэнболд хүний ертөнцөд эргэн ирнэ.

Монголд очоод үймэрч явахдаа “Цаг төрийн үймээн” романыг уншиж Намдаг зохиолчтой уулзах гэсэн боловч гэрийнх нь ойролцоо тааралдсан өвгөжөөр эр “Аль эрт үхчихсэн шүү дээ” хэмээдэг. Үнэндээ тэр өвгөн Намдаг зохиолч байсныг Бүрэнболд мэдэж байсан авч агшин төдийд л үгнийх нь утга учрыг ойлгочихдог. Тэгээд л “Хүн бурхнаас заяасан цаг үедээ л байх нь жаргал юм”  гэдгийг ойлгоно. Үнэхээр л “цочоод сэрсэн заяа” ийм ажгуу.

Түүний үхэл, хайртай бүсгүйнх нь үхэл магадгүй нэг дор өрнөх, тэд бурхнаас заяасан цаг хугацаандаа л амьдарч байсан юм. Хүмүүн өөрсдийн эрх чөлөө, бурхнаас заяасан цаг хугацааг зөрчиж аж төрж, хувь тавилангийн буруу замд орвол эрх чөлөө өөрөө нэгэнт устгагддаг буюу. Энэхүү хуулийг зөрчсөн хүн бурхнаас заяасан цаг үедээ байгаагүй гэсэн үг. Тэр нь Бүрэнболд юм. Түүнд амьдрах ямар ч утгагүй санагдаж, аж төрөхүй гэдэг зовлон шаналангаас нь илүү зовлон зүдгүүртэй зүйл болохыг ухаарна. Гэвч эцэст Бүрэнболд сүнсний эрх чөлөөг мэдэрч, цаг хугацаа хэмээх муурын багшийг барьж идсэн мөчид нь үхэх ётсой гэдгийг сүүлд ухаарч байна.

Энэ л Гүр.Нямдорж зохиолчийг эрх чөлөөний дууч болгосон хэрэг. Тэр үнэхээр бурхнаас заяасан цаг хугацаандаа л амьдарсан зохиолч мөнөөсөө мөн. Нэгэнтээ утга зохиолч судлаач П.Батхуяг “Зааг болгон дээр шинэчлэгчид төрдөг” хэмээж билээ. Хожим Гүр.Нямдорж шиг гэнэтийн огцом эргэлттэй, санаанд оромгүй үйл явдлуудыг уянгийн хэмнэлээр сүлэн, домгийг орчин цагийн абсурдизмтай хольсон сод туурвилуудыг бүтээх шинэчлэгчид зааг бүхэн дээр төрнө. 
 
 Б.Алтанхуяг
 
 
 
 
Холбоотой мэдээ