Ойн нөхөрлөлүүдийн үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор санхүүгийн дэмжлэг үзүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-06-28 18:01:47
Архангай /МОНЦАМЭ/. Булган, Ихтамир, Эрдэнэмандал, Хотонт сумдын ойн санг гэрээгээр эзэмшигч 16 нөхөрлөлийн 162 гишүүдийг хамруулсан уулзалтыг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Байгаль хамгаалал ногоон хөгжлийн нөхөрлөлүүдийн үндэсний холбоотой хамтран Архангай аймагт зохион байгуулжээ.

Уулзалтын үеэр ойн цэвэрлэгээ хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, байгалийн сэргэн ургалтыг дэмжих арга хэмжээг хэрэгжүүлэх, экологид ээлтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж дундын санг нэмэгдүүлэх, бий болгох зорилгоор БОАЖЯ-наас уулзалтанд хамрагдсан 16 нөхөрлөлд санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр боллоо.

Дэмжлэгийг нөхөрлөлүүд хариуцсан ойн сандаа цэвэрлэгээ хийж цэвэрлэгээнээс гарсан мод, шургаагаар байгалийн сэргэн ургалт явагдаж буй талбайг хууль бус мод бэлтгэлт, малын хөлд гишгэгдэхээс хамгаалах хашаа барих, унанги, мөчир, гишүү, навч, боргоцойг ашиглан экологид ээлтэй бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд зарцуулах юм.

Энэ удаагийн уулзалтаар Байгаль хамгаалах үндэсний II чуулганаас гарсан шийдвэр, зөвлөмжийг танилцуулах, Байгаль орчныг хамгаалах тухай хуулинд оруулах гэж буй нэмэлт өөрчлөлтүүдийг тайлбарлах, байгалийн сэргэн ургалтыг дэмжих, ойжуулалтын ажлын үр өгөөжийг дээшлүүлэх, ойд цэвэрлэгээ, ойн дагалт баялаг ашиглах, мод үржүүлэх, ойг  нөхөн сэргээх ажил, ойн унанги, мөчир, гишүү, навч, боргоцойг ашиглан экологид ээлтэй бүтээгдэхүүнийг урлаж тодорхой үнээр арилжиж дундын сангаа арвижуулах гэх мэт нөхөрлөлүүдийн өмнө тулгамдаж буй олон асуудлын талаар ярилцаж дээд шатны байгууллага, албан тушаалтануудад хүргэж шийдвэрлүүлэх нь уулзалтын гол зорилго байжээ.

Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ