Сомалид наад зах нь 11 хүн амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2015-11-02 11:24:04

МОГАДИШУ. /NHK/. Сомалийн нийслэл Могадишу хотын зочид буудалд халдлага болсны улмаас наад зах нь 11 хүн амиа алдсан байна. Халдлагыг “Лалын улс” бүлэглэл үйлджээ.

Ням гарагт тэсрэх бөмбөгтэй машин зочид буудлын төв хаалга руу дайран орж, дэлбэрсэн байна гэж Цагдаагийн газар мэдэгдэв. Мөн тэд, үүний дараахан бас нэг дэлбэрэлт болсон гэж мэдэгджээ.

Зэвсэглэсэн этгээдүүд зочид буудал руу дайран орж, Засгийн газрын цэргүүд болон Африкийн холбооны энхийг сахиулагчидтай харилцан гал нээжээ.

Нарийн мэдээлэл гараагүй хэдий ч, “Ройтерс” агентлагийн мэдээлснээр, хууль сахиулагчид, зочид буудлын эзэн гээд наад зах нь 11 хүн амиа алдаж, хэд хэдэн хүн шархадсан гэж цагдаагийн газар мэдэгдсэн байна.

Зэвсэгт бүлэглэлийг дарсан гэж Африкийн холбоо дараа нь мэдэгджээ. Могадишу хотын төвд орших дээд зэрэглэлийн уг зочид буудалд халдлага болох үеэр хууль сахиулагчид болон Засгийн газрын албаны хүмүүс цугласан байжээ.

Сомалид төвтэй “Лалын улс”-тай холбоотой “Аль-Шабааб” бүлэглэл халдлагыг үйлдсэнээ цахим хуудсаараа мэдэгджээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ