Дахин төлөвлөлтийг хийх шаардлагатай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-06-22 19:48:27
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай салбар зөвлөл ээлжит хурлаа өнөөдөр хийлээ. 

Аймаг орон нутгийн хөгжилд тулгамдаж буй асуудал бол дахин төлөвлөлт юм. Өмнөговь аймагт ашиглаж байгаа нийт эмнэлэг, цэцэрлэг, сургууль, орон сууцны барилгын 54,3 хувь нь олон жил болсон, барилгын нийт бат бэх болон газар хөдлөлтөд тэсвэрлэх чадвар буурсан нь газар хөдлөлтийн үед гамшгийн өндөр эрсдэл дагуулахаар байгаа ажээ. Барилга байгууламжийг паспортжуулж, хүчитгэх, засвар хийх, дахин төлөвлөлтийн ажлыг зохион байгуулснаар эрсдэл буурах боломжтой юм байна. Мэргэжлийн хяналтын газрын дүгнэлтээр ашиглах боломжгүй болсон барилгуудыг дахин төлөвлөлтөд оруулах ажлыг зохион байгуулах шаардлагатай ба үүнд иргэдийн оролцоо хамгийн чухал гэдгийг албаны хүмүүс онцолж байлаа.

Тус аймаг нь газар хөдлөлтийн идэвхитэй бүс нутаг юм. Сүүлийн 6 жилийн хугацаанд 12000 гаруй газар хөдлөлтийг бүртгэсэн байдаг. Тиймээс газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх ажлуудыг хийсээр байна. Тодруулбал "Говийн чоно" гамшгийн эрсдлийг бууруулах, урьдчилан сэргийлэх олон улсын дадлага сургуулийг орон нутагт зохион байгуулсны зэрэгцээ Цогтцэций, Даланзадгад сумдыг дуут дохиотой болгожээ.

Д.Мишигсүрэн


Холбоотой мэдээ