"Зөгийн үүр" хөтөлбөрийн хүрээнд 40 гаруй хүнийг гадаадад суралцуулж, туршлага судлуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-06-21 17:37:06
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт он гарснаас хойш "Зөгийн үүр" хөтөлбөр хэрэгжиж байгаа билээ. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд орон нутагтаа тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажиллаж байгаа төрийн албан хаагч болон иргэдийг гадаадад сургах, мэрэгшүүлэх, урт болон богино хэмжээний сургалтанд хамруулах ажлыг зохион байгуулж байгаа юм. 
Энэхүү хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш зургаан сарын хугацаанд Энэтхэг улсад англи хэлний таван багш, БНСУ-д хөдөө аж ахуй газар тариалангийн чиглэлээр ХАА-н нэг мэргэжилтэнг зургаан сурын хугацаатайгаар суралцуулж байгаа ажээ.
Мөн боловсролын салбарын 35 ажилтанг хөрш БНХАУ-ын Баяннуур аймагт туршлага судлуулсан бол гурван төрийн албан хаагчдийг БНСУ-д богино хэмжээний сургалтанд хамруулсан байна. Орос, Сингапурт эмнэлгийн хоёр мэргэжилтэнг сургаж байгаа гээд он гарснаас хойш 40 гаруй иргэдээ гадаадад туршлага судлуулж, суралцуулсан аж.
"Зөгийн үүр" хөтөлбөрт хамрагдахыг хүссэн иргэд зөвхөн Өмнөговийн иргэн байхаас гадна англи хэлний мэдлэгтэй, суралцаж ирээд нутагтаа ажиллах сонирхолтой байх шаардлагатай юм. Энэхүү хөтөлбөр 2020 он хүртэл үргэлжлэх ажээ. 
Д.Мишигсүрэн
Холбоотой мэдээ