Онгоцны сүйрлийн шалтгааныг хамтран шалгана

Дэлхийд
nyamtulga@montsame.mn
2015-11-02 09:01:40

КАИР. /NHK/. Синайн хойгт сүйрсэн ОХУ-ын нисэх онгоцны ослын шалтгааныг тогтоох мөрдөн шалгалтыг Египет, ОХУ болон ЕХ-ны орнууд хамтран явуулна.

“Когалымавиа” агаарын тээврийн компанийн эзэмшил, “Metrojet” гэх нэрээр үйл ажиллагаа явуулдаг “Airbus A321” нисэх онгоц өнгөрсөн бямба гарагт Синайн хойгт сүйрч, онгоцонд байсан 224 хүн бүгд амиа алдсан байна.

Нисэх онгоц сүйрсэн газраас хар хайрцгийг олсон гэж Египетийн иргэний агаарын тээврийн албаны хүмүүс мэдэгджээ. ОХУ-ын онцгой байдлын 120 гаруй ажилтан сүйрэл болсон газарт ажиллаж байна.

Иргэний агаарын тээвэр болон яаралтай ажиллагаа хариуцсан ОХУ-ын томоохон албан тушаалтнууд нисэх онгоц сүйрсэн газарт ирж, онгоцны эвдэрсэн хэсгүүдийг шинжилж эхэлжээ.

“Когалымавиа” компани болгоомжгүй, хайхрамжгүй, дүрэм зөрчсөн эсэхийг тогтоох яаралтай шалгалт хийхээр ОХУ-ын эрх баригчид төлөвлөсөн байна.

Мөрдөн шалгах ажиллагаанд Франц, Германы шинжээчид мөн оролцох ажээ.

Уг нисэх онгоцыг бид сүйрүүлсэн гэж “Лалын улс” бүлэглэл мэдэгдсэн боловч үүнийг Египетийн Засгийн газар үгүйсгэсэн байна.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ