Сирийн асуудлаарх хэлэлцээний үеэр санал зөрөлдөөнийг арилгаж чадсангүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2015-10-31 12:26:45

ВЕНА. /NHK/. Өчигдөр Австрийн Вена хотод болсон Сирийн хямралыг зохицуулах хэлэлцээнд 17 орны Гадаад хэргийн сайд нар оролцож, дипломат арга хэмжээг нэмэгдүүлэхээр  тохиролцсон боловч Ерөнхийлөгч Башар аль-Асадын ирээдүйтэй холбоотой асуудалд санал нэгдээгүй байна.

Талууд хоёр долоо хоногийн дотор дахин уулзалт зохион байгуулах шийдвэрт хүрчээ.

АНУ, түүний Арабын холбоотон орнууд, Европын орнууд болон Асадын гол дэмжигчид болох ОХУ, Иран уг уулзалтад оролцсон байна.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри,ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров, Сирид суугаа НҮБ-ын тусгай төлөөлөгч Стаффан де Мистура нар долоон цаг үргэлжилсэн хэлэлцээний дараа хамтарсан мэдэгдэл хийжээ.

АНУ Асадыг огцрохыг шаардсан байр суурьтай байгаа гэж Керри дахин мэдэгдэв. Харин Лавров, энэ нь Сирийн ард түмний шийдэх асуудал гэж мэдэгдсэн нь талууд уг асуудалд санал зөрөлдөөнтэй байгааг харуулж байна.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ