“Airbus” компани дэлхий дээрх хамгийн том нисэх онгоцыг үйлдвэрлэжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
bars@montsame.mn
2017-06-19 10:37:49
МОСКВА./TASS/. Европын нисэх онгоц үйлдвэрлэгч “Airbus” компани дэлхий дээр хамгийн томд тооцогдох зорчигч тээврийн А380 загварын шинэ нисэх онгоцыг үйлдвэрлэх ажлаа дуусгасан тухай ням гарагт мэдээлжээ. Онгоцны шинэ загварыг “Airbus A380plus” нэрлэсэн байна.

“Шинэ загварын онгоцны ашиглалтын үзүүлэлтүүд сайжирсны сацуу онгоцыг үйлдвэрлэх нийт зардал буурсан” гэж дээрх мэдээлэлд дурджээ. Шинэ онгоцонд 933 зорчигч багтах бөгөөд энэ нь өмнөх загвараас 80 хүнээр их байгаа юм. Далавчны хийц нь өөрчлөгдсөнөөр аэродинамикийн үзүүлэлтүүд сайжирч, шатахууныг 4 хувиар хэмнэх боломжтой болсон байна. Үүнээс гадна, А380-ын шинэ хувилбар нь техникийн үйлчилгээ бага шаарддаг, түүнийг үйлдвэрлэх зардал 13 хувиар буюу 428 сая доллароос 370 сая доллар болж буурчээ.

“Airbus A380” нь дэлхий дээрх хамгийн том зорчигч тээврийн агаарын хөлөг юм. Уг хөлгийн хамгийн дээд багтаамж 853 хүн, хөөрөлтийн хамгийн дээд жин 575 тонн, далавчны далайцын хэмжээ 79,7 м ба буухгүйгээр 15 200 км хол зайг туулах чадвартай. Нислэгийн үеийн дээд хурд нь 945 км/цаг юм. “Airbus A380”-ын анхны нислэг 2005 оны 4 дүгээр сарын 27-нд болж байжээ. 
О.Барс  

 

 



Холбоотой мэдээ