Ф.Мэйуэзер, К.Макгрегор хоёр 8 дугаар сарын 26-нд тулаан хийнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
bars@montsame.mn
2017-06-15 10:45:01
МОСКВА./TASS/. Америкийн боксчин Флойд Мэйуэзер Instagram дахь хуудсандаа холимог тулааны тамирчин, Ирландын боксчин Конор Макгрегортой 8 дугаар сарын 26-нд Лас-Вегас хотод тулаан хийнэ гэж албан ёсоор мэдээллээ.

Үүнээс өмнө талууд боксын дүрмээр тулаан хийх гэрээнд гарын үсэг зурсан боловч гэрээний нөхцлийн талаар мэдээлээгүй юм. Хэвлэлүүд ийм тулааныг “Тэрбум долларын төлөөх тулаан” гэж нэрлэдэг аж. Үүний зэрэгцээ боксын нэг ч байгууллага уг тулааныг албан ёсных гэж хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэнэ. ESPN телевизийн мэдээлснээр, хоёр өрсөлдөгч 69,85 кг хүртэлх жинд боксын тулаан хийх аж.

Мэйуэзер, Макгрегор хоёрын тулааны талаарх хэлэлцээ “UFC 205” тэмцээнд К.Макгрегор Америкийн боксчин Эдди Альваресыг ялж, хоёр жингийн аваргын бүсийг нэг дор авсны дараа буюу 2016 оны 11 сараас эхэлсэн юм. 3 дугаар сард Мэйуэзер мэдэгдэхдээ "Макгрегортой тулаан хийхийн тулд мэргэжлийн боксдоо эргэн ирж байна" гэсэн байна.

Бүх цаг үеийн хамгийн өндөр орлоготой боксчин гэгдэж буй өдгөө 40 настай Ф.Мэйуэзер мэргэжлийн боксын рингэнд 49 ялалт /26 нокаут/ байгуулж, нэг ч удаа ялагдаагүй байна. Тэрбээр таван жинд дэлхийн аварга болсон төдийгүй 1996 оны Олимпын наадмын хүрэл медаль хүртэж байжээ. 2015 оны 5 дугаар сард Филиппиний тамирчин Мэнни Пакьяо-той тулаан хийж ялснаар боксын түүхэнд байгаагүй өндөр шагнал болох 210 сая долларыг хүртэж байсан билээ.

Өдгөө 28 настай Ирландын боксчин Конор Макгрегор холимог тулаанд 24 тулаан хийхдээ 21 ялж /17 нокаут/, гурав ялагдаж байжээ. Тэрбээр өнгөрсөн оны 8 дугаар сарын 20-нд Нейт Диас-тай тулаан хийж ялснаар 3 сая долларын шагнал хүртэж байв.
О.Барс 

 


 

 

 

Холбоотой мэдээ