М.Энхболд: Хөвсгөл нуурыг төрийн тахилгатай болгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-06-14 12:38:48
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Монгол ардын намаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч М.Энхболд өнөөдөр Хөвсгөл аймагт хүрэлцэн ирж сонгуулийн сурталчилгаагаа үргэлжлүүлж байна.
Тэрээр хоймор нутгийн иргэд сонгогчидтой уулзах үеэр "Та бүхэн намайг дэмжиж саналаа өгч би Монгол Улсын Ерөнхийлөгч болвол та бидний төдийгүй монгол түмний бахархал болсон Хөвсгөл нуурыг төрийн тахилгатай болгоно, талбай дээрээ талцан лууван, лаа шидэлцэх бус нэг өрөөнд нэгдмэл байдалтай ажиллаж үндэсний зөвшилцлийн механизм бий болгож ажиллана" гэдгийг хэлж байлаа.
Нэр дэвшигч М.Энхболдод ариг уснаа мэндэлсэн Алунгаа хатан эхийн эв эеийн билэгдэл болсон 5 сумыг гардуулж, хоймор нутгийн уяачид хурдан хүлэг морио бэлэглэн амжилт хүсч байлаа. Түүнийг Хотгойдын баатар Чингүнжавын талбайд хийсэн уулзалтанд хөдөлмөрийн баатар А. Ууганбаяр, Монгол Улсын харцага Ц.Содномдорж нарын урлаг спортын алдартнууд хүрэлцэн ирсэн байлаа. Уулзалтад оролцсон иргэд сонгогчид М.Энхболдыг уухай хашигран дэмжиж, ээжүүд сүүн  цацал өргөж их амжилт хүслээ.
Б.Гантуяа  
 
Холбоотой мэдээ