Элчин сайд Л.Баттулга: Эдийн засгийн гадаад харилцаагаа 25-50 жилийн өмнөөс төлөвлөдөг болох хэрэгтэй байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
adiyakhuu@montsame.mn
2017-06-12 15:27:00
МОНЦАМЭ./АСТАНА/. Казахстан улсын нийслэл Астана хотод болсон ШХАБ-ын гишүүн орнуудын төр, засгийн тэргүүн нарын 17 дахь хуралдааны үеэр Монгол Улсаас Казахстан улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Л.Баттулга МОНЦАМЭ агентлагийн сэтгүүлчид ярилцлага өгснийг уншигчиддаа хүргэе.

-Монгол Улс болон Бүгд Найрамдах Казахстан Улсын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш 25 жилийн хугацаа өнгөрчээ. Өнгөрсөн хугацаанд хоёр улсын хамтын ажиллагаа хэрхэн өрнөсөн талаар элчин сайд та товч дүгнэн ярина үү?

-Тиймээ, хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой тохиож байна. Өнгөрсөн хугацаанд хоёр улс найрсаг, өргөн цар хүрээтэй түншлэлийн харилцаатай явж ирлээ. Энэ хугацаанд харилцаа, хамтын ажиллагааны 50 гаруй гэрээ хэлэлцээр байгуулагджээ. Эдгээр баримт бичигт тусгасны дагуу хамтын ажиллагаа маань амжилттай хөгжиж байна .

-Өнөөгийн байдлаар, хоёр орны худалдаа-эдийн засгийн харилцаа, хөрөнгө оруулалтын байдал ямар түвшинд байна вэ?

-Ер нь бол “21 дүгээр бол Евразийн зуун” гэж ярьдаг. Еврази дотроо Казахстан улс томоохон байр суурь эзэлдэг. Манай улсын гол түншүүдийн нэг болох Казахстан улс нь манай улстай адил байгалийн баялаг ихтэй. Уран олборлолтоор дэлхийд тэргүүлдэг, гянт болд, хар тугалгын нөөцөөр дэлхийд дөрөвдүгээрт ордог, чулуун нүүрс ихтэй, нефтиэр баян гэх мэт. Энэ чиглэлд Казахстан улстай хамтран ажиллах сонирхол бидэнд их бий. Тус улс тэргүүний техник технологийг маш өргөнөөр ашиглаж байна.

Хоёр орны хооронд хийж буй худалдааны эргэлт өнөөдрийн байдлаар 30 сая ам. долларын хэмжээнд байна. Гадаад худалдаанд байгаа гол бэрхшээл бол тээвэр-ложистикийн асуудал юм. Гэхдээ энэ нь ирээдүйд аяндаа шийдэгдэх асуудал л даа. Тэгэхээр гадаад худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх асуудлыг одооноос судлах  хэрэгтэй байна. Аж ахуйн нэгжүүдийн хоорондын харилцааг өргөжүүлэх хэрэгтэй байгаа юм.

Дашрамд, нэг зүйлийг онцлон дурдахад, энэ удаагийн ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр анх удаа Монгол Улсыг ажлын зөвлөлийн хуралдаанд урьж оролцууллаа. Ер нь цаашдаа жил бүр манай улсыг урих бололтой байгаа юм. Энэ талаар би төв рүүгээ мэдэгдсэн. Ялангуяа Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим энэ тал дээр илүү идэвх санаачилгатай ажиллах хэрэгтэй байгаа юм.

-Ирэх 25 жилийн хугацаанд өрнөх хамтын ажиллагааг одооноос урьдчилан харахад ямар асуудлуудад илүү анхаарах нь зүйтэй гэж та бодож байна вэ? Энэ тал дээр та бүхэн ямар ажил хийхээр бодож төлөвлөж байна вэ?

- Таны энэ асуулт тун оновчтой асуулт байна. Үнэнийг хэлэхэд, бид гадаад харилцаа, гадаад худалдааны тал дээр 4 жилийн хугацаатай чиглэл баримталж байгаа шүү дээ. Нэг засгийн газар гарч ирээд дөрвөн жилийн хугацаатай зүйл л ярьдаг. Бидний хувьд энэ тал дээр Казахстаны туршлагыг авах хэрэгтэй байгаа юм. Зарим орнууд гадаад худалдаа-эдийн засгийн харилцаагаа 25 жил, тэр ч байтугай 50 жилийн хугацаагаар урьдчилан харж төлөвлөдөг болчихоод байна шүү дээ. Одоо бид нар ийм хэлбэр байдал руу шилжих хэрэгтэй байна. Үнэнийг хэлэхэд, нэг зүйл ярьчихаад тэр нь хэрэгжсэн ч юм шиг, хэрэгжээгүй ч юм шиг явсаар л байгаа шүү дээ. Ийм байдлаас зайлсхийж, алсыг харсан бодлогыг хэрэгжүүлэх хэрэгтэй байна.

-Казахстан улс техник, технологийн дэвшлийг түлхүү ашиглаж байна гэж таны ярианд дурдагдлаа. Та элчин сайдаар ажиллах хугацаандаа энэ чиглэлд ямар нэгэн ажил эхлүүлсэн үү?

-Энэ оны 9 дүгээр сард хоёр орны засгийн газар хоорондын комиссын ээлжит хуралдааныг хийхээр хоёр тал тохиролцоод байна. Хуралдааны үеэр энэ асуудлыг хэлэлцэнэ гэж бодож байгаа. Казахстан улс өнөөдөр Төв Азидаа тэргүүлэгч орон болчихоод байна. Тус улсын ДНБ 130 гаруй тэрбум долларт хүрч, нэг хүнд ногдох хэмжээ нь 7400 доллар болжээ. Тэгэхээр ийм эрчимтэй хөгжиж байгаа улс оронтой бид харилцаагаа өргөжүүлэх ёстой. Энэ чиглэлд бид илүү идэвхтэй ажиллана гэж бодож байгаа.

-Тээвэр-ложистикийн тал дээр нааштай мэдээ бий юү?

-Тээвэр-ложистикийн асуудал одоохондоо хүндрэлтэй байгаа нь үнэн. Гэхдээ мега төслүүд хэрэгжиж байгаа шүү дээ. Тухайлбал, Хятадын удирдагч Си Жинпиний зарласан “Торгоны зам”, “Нэг бүс, Нэг зам” зэрэг төслүүдийн ихэнх нь Казахстантай холбогдож, тус улсын нутгаар дамжих юм. Тэгэхээр бид эдгээр төслүүдэд холбогдож таарна. Эдгээр төслүүдийн ачаар тээвэр-ложистикийн асуудал шийдэгдэж, үүний дүнд гадаад худалдаа өргөжин тэлж эхлэх юм.

-Соёл, боловсролын салбарын хамтын ажиллагааны тал дээр нэг зүйл ажиглагддаг. Монголын оюутнуудыг Казахстанд тэтгэлгээр сургахдаа Баян-Өлгий аймагт амьдардаг казах үндэстэн залуусыг ихэвчлэн сонгож аваад мэт санагддаг л даа. Энэ тал дээр таны бодлыг сонсоё?

-Казахстаны талын тэтгэлгээр жил бүр Монголоос 50 оюутан, хоёр магистрыг хүлээн авч сургадаг. Ер нь бол, казах хэлтэй хүн ирж суралцвал давуу талтай л даа. Сурахад хялбар гэдэг үүднээс. Хэрвээ монгол хүн казах хэл сурна гэвэл мэдээж нэлээд хүндрэл гарна шүү дээ. Гэхдээ тэтгэлгэд хамрагдах хүмүүсийг 50:50 хувийн харьцаатай сонгодог бололтой байгаа юм. Тийм учраас заавал казах үндэстэн хүн байх ёстой гэсэн хатуу шалгуур байдаггүй.

Ер нь бол, оюутан сургах харилцааг улам өргөжүүлэх хэрэгтэй. Казахстаны талаас авах сурах юм их бий. Өнөөдрийн байдлаар, Монголын 100 гаруй оюутан Казахстаны талын тэтгэлгээр суралцаж байна. Түүний сацуу хувиараа суралцаж буй оюутнууд ч олон бий. Яг тодорхой тоо хэлж чадахгүй байна. Баримжаа тоогоор бол, 200-300 монгол залуус байгаа болов уу.

-Улаанбаатар-Астанагийн чиглэлд шууд нислэг хийх асуудлыг албан ёсоор тохирсон байгаа. Гэтэл яг нислэгийг хийж эхлэх тал дээр асуудал үүсээд байна гэж бодогддог. Энэ нь юутай холбоотой вэ?

- Албаны түвшинд бол энэ асуудал аль хэдийн шийдэгдсэн. Одоо хоёр улсын иргэний агаарын тээврийн компаниуд хоорондоо ярьж шийдэх асуудал болж үлдээд байгаа юм. Компаиудын хувьд, харилцан ашигтай байх ёстой гэсэн бизнесийн зарчмаар шийдвэрээ гаргах байх.

-Казахстаны талаас Баян-Өлгий аймагт Консулын газраа нээх хүсэлтийг олон жилийн өмнөөс тавьсаар ирсэн байдаг. Энэ асуудлыг хэлэлцэж байгаа юу?

-Хамгийн сүүлд болсон консулын зөвлөлдөх уулзалтаар энэ асуудлыг хөндөн ярилцсан. Үүнийг бид судалж байгаа. Энэ асуудлыг харилцан ярилцаж байж шийдэх ёстой. Алма-Ата хотод манай консулын нэг ажилтан ажилладаг. Тэгэхээр энэ асуудал удахгүй шийдэгдэх байх гэж би найдаж байна.

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгөхөөр хэдэн иргэн бүртгэгдээд байна вэ? Тэднээс хэд нь сонгуульд оролцох эрхтэй вэ?

-Манай элчин сайдын яаманд санал авах байр нээгдсэн. Бямба гарагт 20 гаруй хүн ирж саналаа өглөө. Өнөөдөр хэдэн хүн ирэхийг би мэдэхгүй байна. Ер нь бол, Астана хотод Монгол Улсын 30 гаруй иргэн амьдардаг. Саналаа өгөхөөр бүртгүүлсэн 26 хүн байгаа.

Б.Адъяахүү /Астана хот/
 

 
 
 
 
 
Холбоотой мэдээ