Москвад Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн ирц 75 хувьтай байв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
dogsom@montsame.mn
2017-06-12 15:17:17
 Москва /МОНЦАМЭ/. 6 дугаар сарын 10, 11-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн санал хураах ажиллагаа ОХУ-ын Москва хот дахь ЭСЯ-ны Консулын хэлтсийн байранд амжилттай болов. 
 
Москва хотод Монгол Улсын иргэний үүргээ биелүүлж төрийн тэргүүнээ сонгох сонгуульд нийт 313 иргэн бүртгүүлснээс 236 иргэн санал өгснийг Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн 18 дугаар салбар комиссын дарга Б.Дэлгэрмаа тэмдэглэв. 
 
Тэрбээр “Москва хотод сурч, хөдөлмөрлөн, ажиллаж байгаа монгол иргэд маань төрийн тэргүүнээ сонгох сонгуульд идэвхтэй оролцсонд баяртай байна. Сонгуулийн ирц 75 хувьтай байлаа. Бид битүүмжилсэн дугтуйтай саналын хуудсыг 6 дугаар сарын 13-ны өдөр дипломат шуудангаар СЕХ-д хүргүүлнэ” гэв.
 
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн санал авах ажиллагаа орон нутгийн цагаар 6 дугаар сарын 11-ний 22 цагт дуусан салбар комиссын гишүүд санал авах хоёр хайрцагт цугларсан 236 саналын хуудсыг тусгай дугтуйнд хийж битүүмжлэн СЕХ-д хүргүүлэхэд бэлэн болжээ. Түүнчлэн сонгуулийн тухай хуульд зааснаар ашиглагдаагүй үлдсэн 214 саналын хуудсны баруун дээд буланг Ерөнхий консул Ц.Ганболд хайчлан устгав.
 
Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд, Ерөнхийлөгчийн сонгуулийн 18 дугаар салбар комиссын дарга Б.Дэлгэрмаа Москва хот дахь Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураах ажиллагааг хаан санал өгсөн нийт сонгогчдод талархал илэрхийлсэн юм. 
 
Дашрамд дурдахад Москвагаас гадна ОХУ-ын Улаан-үд, Эрхүү, Кызыл зэрэг гурван хотод 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн салбар комисс байгуулагдан ажиллажээ. 

 
Москва хот 
Л.Нандинцэцэг
Холбоотой мэдээ