Афганистаны нийслэлд хүчтэй дэлбэрэлт болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2017-05-31 13:27:14
КАБУЛ. /ВВС/. Өнөө өглөө Афганистаны нийслэл Кабул хотод гадаадын ЭСЯ-д болон ерөнхийлөгчийн ордны ойролцоо томоохон дэлбэрэлт болжээ.

Дэлбэрэлтэд өртөн 60 хүн амь үрэгдсэн байна. Амиа алдсан хүмүүсийн тоо нэмэгдэж болзошгүй гэж тус улсын албаны хүмүүс мэдэгдлээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, Кабулын төвд орших “Занбак” талбайд нэгэн автомашин дэлбэрсэн байна. Дэлбэрэлтийн долгионд хэдэн зуун метрийн цаана орших барилга байшингууд өртөн эвдэрч сүйдсэн тухай мэдээлэл байна.


Дэлбэрэлтийг чухам хэн үйлдсэн нь тодорхойгүй байна. Дэлбэрэлт болсон газар нь дипломат төлөөлөгчдийн газар,  засгийн газрын харьяа байгууллагууд байрладаг дүүрэг юм.

Кабул дахь Германы ЭСЯ-ны хажууд дэлбэрэлт болсон гэж Афганистаны “Tolo news” телевиз тодруулан мэдээлжээ.

Сүүлийн саруудад Кабулд олон хүний аминд хүрсэн дэлбэрэлт үе үе болсоор байна. Энэ нь Афганистан даяар аюулгүй байдал ерөнхийдөө муудсаар байгаагийн илрэл юм.

Энэ сарын эхээр  амиа золиослогч этгээд АНУ-ын ЭСЯ-наас гараад явж байсан НАТО-гийн цувааг онилон дэлбэрэлт үйлдсэний улмаас найман хүн амь үрэгдсэн билээ. Уг халдлагын хариуцлагыг Афганистан дахь “Лалын улс” бүлэглэл өөртөө хүлээсэн юм. Өнөө өглөө болсон дэлбэрэлтийг ямар бүлэглэл үйлдсэн нь одоогоор тодорхойгүй байна.
 
Г.Доржханд
 

 
Холбоотой мэдээ