НҮБ: Йемен улс мөхлийн ирмэгт ирээд байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2017-05-31 09:25:18
САНАА. /ВВС/. Йемен улс “бүхэлдээ нийгэм, эдийн засаг ба бүтцийн уналт”-д ороод байна гэж НҮБ-ын хүмүүнлэгийн тусламжийг зохицуулагч Стивен О'Брайен мэдэгдлээ.

Тэрбээр өчигдөр НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлд Йемен улсын нөхцөл байдлыг тайлагнаж, тус улсад дэгдсэн хямралыг шийдвэрлэхийн тулд яаралтай арга хэмжээ авахыг уриалжээ.

Йемен улс хүмүүнлэгийн хямралд ороод байгаа бөгөөд тус улсад 7 сая хүн өлсөж үхэхийн ирмэг дээр байна.

НҮБ-ын мэргэжилтнүүдийн мэдэгдсэнээр, тус улсад холер буюу булчин задрах тахлаар бараг 500 хүн нас бараад байгаа бөгөөд ирэх зургаан сарын дотор 150 мянган хүн энэ өвчний халдвар авах эрсдэлтэй байгаа юм.

Ноён О'Брайен хэлэхдээ “йеменчүүд зовж шаналж байгаа нь тохиолдлын хэрэг эсвэл давагдашгүй хүчин зүйлсийн уршиг биш юм. Дэлхийн хүчирхэг гүрнүүд төдийлөн анхаарлаа хандуулахгүй байгаагийн улмаас өнөөдөр Йемений нөхцөл байдал хүндрээд байна” гэв.



Тэрбээр цааш нь хэлэхдээ “Йемений ард түмэн дэлхий нийтийн нүдний өмнө үгүйрэн хоосорч, өвчинд нэрвэгдэж, үхэж байна. Тус улсын ард түмэнд 2.1 тэрбум долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ гэж улс орнууд амласан боловч энэ мөнгөний ердөө 24 хувийг нь өгөөд байна” гэлээ.

Йеменд Ерөнхийлөгч Абд Раббу Мансур Хадигийн цэргүүд болон лалын босогчдын “Хусит” бүлэглэлийнхэн хоёр жилийн өмнөөс байлдаж эхэлсэн юм.

“Аль-Каида” бүлэглэл Йемений байдал тогтворгүй байгааг далимдуулан нутгийн өмнөд болон зүүн өмнөд хэсэгт нөлөөгөө бэхжүүлж байна.

2015 оны гуравдугаар сард тус улсад зэвсэгт мөргөлдөөн дэгдсэнээс хойш энгийн номхон иргэд голдуу 8000 гаруй хүн амь үрэгдэж, 44 500  хүн шархаджээ.

Тус улсад 18.8 сая хүнд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх шаардлагатай байна.
 
Г.Доржханд
 
 


Холбоотой мэдээ