Цэнхэрмандал сумын ЗДТГ, цэцэрлэг хоёр нурах аюултай байранд ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-05-30 18:08:15
Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын хувьд тулгамдаж байгаа гол асуудал нь ЗДТГ-ын болон хүүхдийн цэцэрлэгийн барилгын асуудал гэнэ.
 
Учир нь тус сумын Тамгын газрын барилгыг аймгийн МХГ-аас үйл ажиллагаа явуулах боломжгүй, яаралтай гарах шаардлагатай, нурах аюултай гэсэн дүгнэлт үйлдэж, аль эрт зөвлөмж хүргүүлжээ. Гэсэн ч хөрөнгө санхүүгийн асуудлаас болж, өнөөдрийг хүртэл энэ байрандаа төрийн үйлчилгээг иргэддээ хүргэсээр байгаа юм.
Түүнчлэн цэцэрлэгийн барилга нь анх 1949 онд баригдаж ашиглаж байгаад 1957 онд стандарт бус барилгад нүүн орсон аж. 2003 онд их засвар хийгдсэн боловч одоо ашиглалтын хугацаа дуусч, элэгдэлд орсноос өрөөнүүдийн тааз нь цүлхийж хүүхдийн дээрээс нурах аюултай болсон байна. 2008 оноос хойш Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 100 хүүхдийн цэцэрлэгийн барилга шинээр бариулах саналыг шат дараатай хүргүүлж байсан боловч шийдвэрлэгдэхгүй байсаар өдийг хүрчээ.
 
Энэ талаар сумын удирдлагууд болон цэцэрлэгийн багш нар, иргэдийн төлөөллүүд Хэнтий аймгийн удирдлагуудыг тус суманд ажиллах үеэр онцгойлон хэлж, яаралтай шийдвэрлэж өгөхийг хүссэн байна.
Д.Одонтунгалаг
 

 
Холбоотой мэдээ