Эрт болцтой төмснөөс 300 сая төгрөгийн ашиг олжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2015-10-29 10:00:47

Сэлэнгэ аймгийн Орхон сумаас бэлтгэсэн багц мэдээ

Ажлын байр бий болгох зорилгоор 109.2 сая төгрөгийн зээл олгожээ

Сэлэнгэ аймгийн Орхон сумын хэмжээнд ажлын байр нэмэгдүүлэх зорилгоор 50 иргэнийг байнгын болон түр ажлын байраар ханган 153.9 сая төгрөгийн төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлээд байна.

Өнөөдрийн байдлаар тус сумын хөдөлмөр эрхлэлтийн албанд бүртгэлтэй 67 иргэнээс 42 иргэн буюу 62.6 хувь нь ажлын байранд зуучлагдан ажиллаж байгаа аж. Мөн тус сумын “Сум хөгжүүлэх сан”-гийн төсөл сонгон шалгаруулах зөвлөлийн шийдвэрээр 5 төсөл хэрэгжүүлэгчид 13 ажлын байр бий болгохоор 109.2 сая төгрөгийн зээлийг олгоод байгаа ажээ.

Эрт болцтой төмснөөс 300 сая төгрөгийн ашиг олжээ

Сэлэнгэ аймгийн Орхон сумын “Шийр” суурингийн иргэд эртийн болцтой “Солист” сортын төмсний үрийг тариалж 300 гаруй сая төгрөгийн борлуулт хийсэн байна.

Тус сумын “Шийр” сууринд төмс, хүнсний ногоо тариалдаг 20 иргэн нийлж, 55 тн “Солист” сортын эрт болцтой төмсний үрээр өнгөрсөн хавар тариалалт хийсэн байна.   тэдний эрт сортын төмс 7-р сарын 20-ноос ургацаа өгч эхэлсэн байна. Ногоочид нийт 220 тн төмс хураан авч, 300 гаруй сая төгрөгийн борлуулалт хийгээд байгаа гэнэ.

Өртөөний ард иргэдийг дулаан эсгий, ноосон бойтог, оймсоор хангаж байна

Сэлэнгэ аймгийн Орхон сумын “Мяндсан цагаан алт” компани гэрийн нөхцөлд ноос боловсруулан эсгий болон ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.

Тус компани нь 2006 онд анх Норвегийн төсөлд хамрагдан ноосоор бүтээгдэхүүн хийх сургалтанд ажилчдаа суралцуулан сургаад одоог хүртэл энэ чиглэлээр эсгий болон ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа ажээ. Эднийх 2009 онд аймгийн ЖДҮ-ийг дэмжих төсөлд хамрагдан ноосоор хийх бүтээгдэхүүнээ улам боловсронгуй болгосон байна. Тус компани өнөөдөр 6-10 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа гэнэ. “Мяндсан цагаан алт” компанийн үйл ажиллагаагаа тогтмолжиж Орхон, Сайхан, Салхит өртөөний ард иргэдийг дулаан эсгий болон ноосон бойтог, оймс, углаашаар ханган ажиллаж байгаа юм байна.

“Жинхэнэ бат бэх гэр бүл”-ийн тангараг өргүүлдэг болжээ

Сэлэнгэ аймгийн Орхон сумын Ахмадын хорооны даргын санаачлагаар 2014 оноос сумынхаа залуу гэр бүлүүдийг “Жинхэнэ бат бэх гэр бүл”-ийн тангараг өргүүлдэг болсон байна. 

Энэ жилээс эхлэн тус Ахмадын хороо нь аймгийн ИТХ-ын дарга, мөн аймгийн Ахмадын хорооны даргаас хүргүүлж буй “Батламж”-ийг шинээр гэр бүл болж буй залуу хосуудад гардуулах ёслолын ажиллагааг тангараг өргөх ёслолын ажиллагаатайгаа хамтатган зохион байгуулдаг болжээ. Он гарсаар тус суманд нийт 12 залуу хос гэрлэлтээ батлуулсан байна. Энэ мэт хийж хэрэгжүүлсэн ажлаараа тус сумын Ахмадын хороо нь аймгийн “Шилдэгийн шилдэг ахмадын хороо”-гоор шалгарчээ.  

Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг

 

Холбоотой мэдээ