Газар хөдлөлтийн улмаас Пакистанд амиа алдсан хүний тоо өсчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ
jargal@montsame.mn
2015-10-28 18:02:20

ИСЛАМАБАД. /TASS/. Даваа гарагт Афганистанд 7.5 баллын хүчтэй газар хөдөлсний улмаас Пакистанд амиа алдсан хүний тоо 255-д хүрч, 1600 гаруй хүн гэмтэж бэртсэн тухай тус улсын Онцгой байдлын газар мэдээлжээ.

“Хамгийн сүүлийн мэдээллээр, Пакистанд 255 хүн амиа алдаж, 1697 хүн гэмтэж бэртсэн бөгөөд 9209 байшин барилга эвдэрч сүйдсэн” гэж аврагчид мэдээлсэн байна.

Пакистаны Онцгой байдлын газрын мэдээлснээр, тус улсын баруун хойд нутгийн Афганистантай хил залгаа Хайбер-Пахтунхва муж хамгийн их хохирол амсчээ. Тус мужид 208 хүн амиа алдаж, 1518 хүн гэмтэж бэртжээ. Мөн 8453 байшин барилга эвдэрч, сүйдсэн байна.

Афганистанд 10 дугаар сарын 26-нд орон нутгийн цагаар 13 цаг 39 минутад хүчтэй газар хөдөлсөн юм. Газар хөдлөлт бараг Өмнөд Ази даяар, Энэтхэгийн хойд хэсэгт, Пакистанд, Балбад болон Бангладешт мэдрэгдсэн байна.

Афганистанд уг газар хөдлөлтийн улмаас амиа алдагсдын тоо 115 болж нэмэгдэж, 530 гаруй хүн гэмтэж бэртжээ.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ