Афганистаны телевизийн байр руу зэвсэгт этгээдүүд халджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2017-05-18 09:02:11
КАБУЛ. /Reuters/. Афганистаны зүүн нутгийн Желалабад хот дахь төрийн мэдлийн нэгэн телевизийн байр руу зэвсэгт этгээдүүд өчигдөр буюу лхагва гарагт дайран орж, зургаан хүнийг хөнөөжээ.

Зэвсэгт этгээдүүдийн нэг нь тэсрэх төхөөрөг дэлбэлсний дараа гурав нь телевизийн байр руу дайран орсон байна. Аюулаас хамгаалах хүчнийхэн хэргийн газарт шуурхай очжээ.

Албаны хүмүүсийн мэдэгдсэнээр, халдлагын үеэр зургаан хүн, тэдний дотор телевизийн ажилтан, цагдаа нар амиа алджээ. Мөн 18 хүн шархадсан байна. Гэмт этгээдүүдийн гурвыг нь хэргийн газарт устгажээ.

Лалын босогчдын “Лалын улс” бүлэглэлийн хүмүүс уг халдлагыг үйлдсэн гэж тус бүлэглэлийн “AMAQ” мэдээллийн агентлаг мэдээллээ.

“Лалын улс” Афганистаны нутгийн зүүн хэсэгт түшиц газраа байгуулсан гэх мэдээлэл байна.

Тус бүлэглэлийнхэн Афганистаны нийслэл Кабул хотод террорист халдлага үйлдэх нь нэмэгдсээр байгаа билээ.

Өнгөрсөн сарын сүүлчээр Афганистаны цэргүүд АНУ-ын хүчнийхэнтэй хамтран зүүн нутгийн Нангархар мужид цэргийн ажиллагаа явуулах үеэрээ “Лалын улс”-ын толгойлогч Абдул Хассибыг устгасан юм.
Г.Доржханд
 

Холбоотой мэдээ