Отрын бүс нутгийг тогтоож хамгаалалтанд авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2015-10-28 12:05:31

Архангай аймгийн Хотонт сумын бүх баг цаг агаар хүндэрсэн үед ашиглах отрын нутгийг хамгаалах арга хэмжээг авсаар байна.

Сумын ЗДТГ-ын судалгаанаас үзэхэд, одоогоор арваад айл өрх бусад аймаг, сумдаар отор нүүдэл хийхээр зэхэж байгаа аж. Өнөөгийн байдлаар тус суманд отор хийх санал хүсэлт бусад аймаг сумаас ирээгүй байна.

Энэ жил Хотонт сум Орхон, Улаанчулуу, Өндөрсант багийн нутаг дэвсгэрээс байгалийн хадлан 5700тонн, тэжээл 70 тонныг бэлтгэн нөөцөлж аймгийн Засаг даргын албан даалгаврыг биелүүлээд байна. Үүн дээр суман дахь төрийн албан хаагчид 150 тонн өвс, 50 тонн ногоон тэжээлийг өвс тэжээлийн нөөцөд татан өгчээ. Сумын төвд ундны усны зориулалтаар хоёр худаг шинээр гарснаас гадна малчид өөрсдөө санаачлан гүний 3 худгийг шинээр бий болгожээ. Дулааны улиралд хэдийгээр Орхон, Тэмээн хүзүү, Цагаан сүм, Хан Жарантай, Хөх сүмийн голууд мяралзаж урсах боловч өвлийн хүйтэнд тэс хөлдөж хүнтэй малтайгаа усны гачигдалд ордог. Үүнээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авсны үр дүнд ирэх өвөл хавар 58 худаг байнгын ажиллагаатай байх юм байна.

Л.Булган

                                                                                                                                                   Архангай аймаг: Л.Булган

Холбоотой мэдээ