Төрийн албанаас 22365 хүн халагдаж, 3000 гаруй хүн тэтгэвэрт гарсан гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2017-05-15 17:08:48
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сүүлийн жилүүдэд төрийн албанаас 22365 хүн халагдсанаар 3000 гаруй нь тэтгэвэрт гарсан талаарх мэдээллийг Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Цогоо УИХ дахь АН-ын бүлгийн хуралдааны үеэр өгчээ.

Тодруулбал тус бүлгийн гишүүд Төрийн албаны зөвлөлийн даргаас Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилт болон Сүхбаатар аймагт үүсээд байгаа улс төрийн нөхцөл байдал,  Төрийн албаны зөвлөлийн зүгээс авч буй арга хэмжээний талаар мэдээлэл сонссон аж.  

Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Цогоо “Сүхбаатар аймагт үнэхээр хууль зөрчсөн зүйл болсон. Төрийн албаны зөвлөлөөс байр сууриа албан тоотоор хатуу илэрхийлсэн. Төрийн Захиргааны алба давхар хаших хууль эрх зүйн ямар ч боломжгүй. Тиймээс Сүхбаатар аймагт хууль бусаар төрийн албанд ажиллаж байгаа гурван хүнийг ИТХ-даа, эсвэл төрийн захиргааны ажлыг нь хийлгэ гэсэн шаардлага хүргүүлсэн. Харин аймгийн Засаг даргаас нь Төрийн албаны зөвлөлд хариу бичиг ирүүлэхдээ, “УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн нарын 12 гишүүний санаачилсан Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбоотойгоор тун удахгүй Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт орох гэж байна. Тиймээс тэр болтол энэ байдлаараа ажиллах болно” гэсэн  батлагдаагүй байгаа хуулийн төсөлтэй холбон, одоо мөрдөж  буй хуульд нийцээгүй албан тоот ирүүлсэн" гэсэн хариултыг өгчээ.

Түүнчлэн төрийн албанаас халагдсан хүний тоог мэдээллээд УИХ-аар хэлэлцэж буй Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслөөр төрийн албаны тогтвортой байдлыг анхаарч үзэх хэрэгтэй байгаа талаар ярилцсан байна.
 
Тус бүлгийн гишүүдийн зүгээс төрийн албыг арилжааны хэрэгсэл болгож буй талаар ярилцсан “60 тэрбум”-ын гэж нэрлээд буй асуудлаар тодорхой мэдээлэл өгөхийг Төрийн албаны зөвлөлд даалгажээ.

Н.Туяа
Холбоотой мэдээ