“Тэнгэрлэг аялгуу”-нд ахмадууд нэгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-05-14 16:29:16
Хэнтий /МОНЦАМЭ/ Үндэстэн ястнуудын дуу хөгжим, язгуур урлаг, өв соёлыг таниулах зорилготой “Тэнгэрлэг аялгуу” хамтлаг байгуулагдан, Хан Хэнтий чуулгад анхны тоглолтоо гуравдугаар сарын 15-ны өдөр хийжээ. Уг хамтлаг Монгол Улсын УГЗ М.Бямбасүрэн, МУГЖ Х.Пүрэвдорж, Б.Даариймаа, ОХУ-ын Бариад Улсын Гавъяат жүжигчин С.Егорь, МУСТА С.Янжмаа, Б.Чанцалдулам, С.Дунгаамаа, Л.Оюунсүрэн, Б.Намдан нарын 55-66 насны ахмад уран бүтээлчдийн бүрэлдэхүүнтэй аж.

Эдгээр ахмад уран бүтээлчид Хөвсгөл, Говь-Алтай, Баянхонгор, Сэлэнгэ, Дорнод, Хэнтий аймгуудын болон Хилийн цэргийн дуу бүжгийн чуулга, Төмөр замын дуу, бүжгийн чуулгад ажиллаж байсан мэргэжлийн дуучин, хөгжимчин хүмүүс юм.

Ахмадуудын хамтлаг байгуулан, тоглолт хийх саналыг "Чингисийн гурван нуур" ХХК тун эелдгээр хүлээн авч, тус хамтлагт ёочин хөгжим, тоглолтын хувцас, бусад зардал, дэмжлэгийг үзүүлэн хамтран ажиллахаар болжээ.

Гурван нуурын рашаан сувилал, амралтын газарт энэ сарын 01-нээс эхлэн “Тэнгэрлэг аялгуу” хамтлаг өдөр бүр Үдшийн цэнгүүн зохион байгуулж, ая дуугаа өргөх юм байна. Сонирхуулахад, "Чингисийн гурван нуур" ХХК Эзэн Богд Чингис хааны төрсөн нутаг Дэлүүн болдогийн өвөрт гурван нуурын хойд дэнж дээр орших бөгөөд энэ жилээс эхлэн жилийн дөрвөн улиралд тогтмол үйл ажиллагаагаа явуулахаар болсон байна. Мөн ахмад настны чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, тэдний авъяасыг хөхүүлэн дэмжих, ахмад үеийнхний уламжлан тээж ирсэн соёлын биет болон биет бус өвийг залуу хойч үедээ уламжлуулан үлдээх зорилгоор 5 дугаар сарын 21-23-ны өдрүүдэд “Чингисийн гурван нуур” ХХК-ийн клубт зүүн бүсийн ахмадуудын дунд “ГАРАМГАЙ ДУУЧИН” шалгаруулах урлагийн наадмыг зохион байгуулах гэж байна.
 Д.Одонтунгалаг
Холбоотой мэдээ