“Евровидение-2017”-гийн төгсгөлийн шатанд оролцох дуучид тодорлоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
bars@montsame.mn
2017-05-12 09:24:58
КИЕВ./TASS/. “Евровидение” дууны уралдаант шалгаруулалтын хоёрдахь хагас шигшээ шатны тоглолт Киев хотын Олон улсын үзэсгэлэнгийн төвийн тайзан дээр болж өндөрлөлөө. Төгсгөлийн шалгаруулалтанд Болгар, Белорусс, Хорват, Унгар, Дани, Израиль, Румын, Норвеги, Голланд, Австрийн дуучид эх орноо төлөөлөн оролцох эрхтэй болжээ.

Хоёрдахь хагас шигшээд 18 орны дуучид оролцсон ба тэдний дотор Оросын дуучин Юлия Самойлова байх ёстой байсан боловч түүнийг Крымд дуулсан гэсэн шалтгаанаар Украины нутагт нэвтрүүлэхийг хориглосон байна. Үүнтэй холбоотойгоор Европын өргөн нэвтрүүлгийн холбоо Москвагаас Самойлова-д зориулан "видео гүүр" зохион байгуулах, эсвэл уралдаанд оролцогчийг солих санал тавьсан боловч Оросын татгалзсан төдийгүй телевизийн Нэгдүгээр суваг “Евровидение”-ийг шууд дамжуулан үзүүлэхээс татгалзсан юм.

Хагас шигшээгийн шалгаруулалтын үеэр шууд эфирт Македонийн дуучин эмэгтэй Яна Бурческа сүйт хархүүгийнхээ тавьсан гэрлэх саналыг хүлээн авсан нь мартагдашгүй үйл явдал боллоо. 

Эхний хагас шигшээгийн  5 дугаар сарын 9-нд болж түүнд 18 дуучин өрсөлдсөн билээ.

“Евровидение”-ийн төгсгөлийн шатны шалгаруулалт 5 дугаар сарын 13-нд болно. Уралдаант шалгаруулалтын дүрмээр төгсгөлийн шатанд хагас шигшээгийн ялагчдаас гадна “Евровидение”-ийн үндсэн таван ивээн тэтгэгч орон болох Их Британи, Франц, Герман, Испани, Итали болон зохион байгуулагч орны дуучид шууд оролцох юм. “Евровидение”-ийн ялагч нь болор микрофон хүртэх юм. Дараагийн уралдаант шалгаруулалтыг өмнөх дууны тэмцээнд дуучин нь ялсан улсын аль нэг хотод зохион байгуулах ажээ.
О.Барс 

 

Холбоотой мэдээ