Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах талаар хэлэлцэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2017-05-09 20:43:30
Өвөрхангай /МОНЦАМЭ/ Өвөрхангай аймгийн Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг “Газар сервис” ХХК 2005 онд хийж гүйцэтгэн 2006 оны 2 сард ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэн баталснаас хойш 10 гаруй жил өнгөрч байна. Тиймээс Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай хэмээн үзэж, аймгийн ГХБХБГ-аас ИТХ-ын 4 дүгээр хуралдаанаар тайлан тавьж хэлэлцүүллээ.
Өвөрхангай аймаг нь уламжлалт мал аж ахуйг голлон хөгжүүлж ирсэн бөгөөд бэлчээрийн газрыг эзэмшилт, ашиглалтын хувьд 1.Эрчимжсэн мал аж ахуйн бүс, 2. Хуваарьт эдлэн болон нийтийн ашиглалтын газартай хосолмол аж ахуйн суурьшлын бүс, 3. Өрхийн аж ахуйн суурьшлын бүс, 4. Чөлөөт ашиглалтын бүс хэмээн дөрөв хуваадаг байна.
Сумдын бэлчээрийн менежментийн төлөвлөгөөнд улирлын бэлчээрийн хуваарийг тусгаж, чанд мөрдүүлэх, бэлчээрийн талхагдлыг бууруулах, нөхөн сэргээхэд холбогдох байгууллагууд хамтран хяналт тавьж ажиллах, газар тариалангийн атаршсан талбайг эзэмшил, ашиглалтанд оруулах шаардлагатай байгааг холбогдох албанаас хэллээ. Тэрчлэн амралт, рашаан сувиллын газруудад хамгаалалтын зурвасыг тогтоож, ашиглалт хамгаалалтын дэглэмийг мөрдүүлэх, хот байгуулалтын ерөнхий төлөвлөгөө хийгдээгүй 7 суманд төлөвлөгөө хийх, уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрсэн газруудад тооллого хийж, мэдээллийн сан бүрдүүлэх зэрэг ажлыг хийх шаардлагатай байгааг ажлын хорооноос танилцууллаа.
Мөн Арвайхээр суманд баригдах Мах боловсруулах үйлдвэрийн хэрэгцээнд шаардлагатай мал эрүүлжүүлэх хязгаарлалтын бүсийг бий болгох асуудал яригдаж, Хужирт, Есөнзүйл, Өлзийт сумын зааг 1700 га бэлчээрийг малын тэжээлийн ургамал тариалах зориулалтаар, Бүрд сумын Их Боригдойн 1400 га талбайг гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид ашиглуулах шийдвэрийг гаргав. Мэдээлэлтэй холбогдуулан төлөөлөгчид асуулт асууж, санал тавьсан юм. Тухайлбал газрын үнийн хөөрөгдлийг бууруулах, авто машины зогсоолыг шийдэх, стандартад нийцсэн, оршин суугчдын ая тухтай байдлыг хангасан хаус хороолол байгуулах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, эзэмшил газрын зориулалтанд хяналт тавих зэрэг саналыг хэлсэн юм.
2006-2016 оны хугацаанд их хэмжээгээр талхлагдсан 2020,0 мянган га бэлчээрийг ашиглалтаас чөлөөлж, 854,6 мянган га бэлчээрийг сэлгэж ашиглах, 714,2 мянган га-д үлийн цагаан оготнотой тэмцэх ажлыг хийжээ. 2016 оны байдлаар аймгийн хэмжээнд 366 гүн өрмийн худаг,  356 гар худаг шинээр гаргаж, 228 ширхэг худаг сэргээн засварласан байна. Тус аймаг 6,5 мянган га хадлангийн газартай, 15310 га атаршсан талбайтай юм.
Суурьшсан газрын хувьд 12 суманд хөгжлийн ерөнхий төлөвлөгөө хийгдсэн бөгөөд 2006-2016 онд 2739,2 га газрыг өмчлүүлж, эзэмшүүлэхээр төлөвлөснөөс 1889,3 га газрыг эзэмшүүлж, өмчлүүлсэн байна. Мөн дээрх хугацаанд 1136 айлын 42 орон сууц ашиглалтад орж, 146,3 га газрыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад, 147,4 га газрыг төрийн байгууллагад эзэмшүүлснээс 124,5 га газрыг үйлдвэрлэлийн зориулалтаар эзэмшүүлжээ.
2016 оны байдлаар Бат-Өлзий, Хужирт, Бүрд, Уянга, Зүүнбаян-Улаан, Хайрхандулаан, Нарийнтээл, Төгрөг сумдын нутаг дэвсгэрт 31 нэгж талбарын 16948 га талбайд ашиглалтын, 11 сумын нутаг дэвсгэрт 27 нэгж талбарын 105706,2 га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдсон байна.
Б.Батчимэг
Холбоотой мэдээ