Үерийн улмаас Монреаль хотод онцгой байдал тогтоожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
bars@montsame.mn
2017-05-08 10:43:02
ЛОНДОН./BBC/. Канадын Квебек мужийн хэд хэдэн хотууд, тухайлбал Монреаль хотод урьд хожид байгаагүй хүчтэй үерийн улмаас онцгой байдлын дэглэм тогтоожээ.

Аврагчдын мэдээлснээр, тус мужиин 130 хот, тосгонд нийтдээ 2 мянга гаруй байшин үерт автжээ. Нутгийн оршин суугчдад тусалж буй цэргийн албан хаагчдын тоог гурав дахин нэмэгдүүлсэн байна. 

Монреаль хотын дарга Дени Кодерр сэтгүүлчдэд мэдээлснээр, үүссэн нөхцөл байдлыг аль болохоор богино хугацаанд зохицуулахын тулд тус хотод онцгой байдлын дэглэм тогтоох шаардлагатай байсан аж. Тухайлбал, онцгой байдлын дэглэм зарласнаар Монреалийн дүүргүүдийн оршин суугчдыг албадан нүүлгэх боломжтой болох юм.

500 ам. дөр. км нутаг дэвсгэрийг хамарсан урьд хожид гарч байгаагүй хүчтэй үер болсны улмаас Квебек мужийн хотуудын оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх ажиллагаа баасан гарагаас эхэлжээ. Ням гарагт Монреаль хотын хойд дүүргийн нэгэн хороололд хэд хэдэн далан сэтэрсний улмаас тус хотод онцгой байдал тогтоожээ.

Цаг уурчдын анхааруулснаар, ойрын хэд хоногт бороо үргэлжлэн орох аж. “Дахиад хэд хоногийн хугацаанд усны түвшин нэмэгдэх болно” гэж Квебек мужийн захирагч Филипп Куйяр хэдэн сарын туршид үерт автсан тус мужийн Рибо хотод очихдоо хэлсэн байна.

Квебекийн оршин суугчдад туслулахаар эхлээд 450 цэргийн албан хаагчийг илгээсэн ба улмаар тэдний тоог гурав дахин нэмэгдүүлэх аж. 
О.Барс 

 

Холбоотой мэдээ