Э.Бат-Үүл АН-ыг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхгүй байхыг уриална

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2017-05-03 11:56:29
Улаанбаатар /МОНЦАМЭ/. НЗД асан, Улсын баатар Э.Бат-Үүл 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхгүй байхыг АН-ын удирдлагуудаас уриалах болсон талаар өнөөдөр мэдээлэл хийв.

Тэрбээр, “Нөгөө талаас сонгуулийг луйвардах, иргэдийн саналыг худалдаж авах бэлтгэлээ хангасан байна. Миний хийсэн судалгаанд хамарсан бага орлоготой иргэдийн 70 орчим хувь нь “Мөнгөөр санал өгнө” гэсэн байна. Тиймээс энэ удаагийн сонгуулийн үеэр санал худалдан авах хамгийн том ажиллагаа болно. Үүнийг таслан зогсоох хэрэгтэй. Санал худалдан авна гэдэг бол хууль бусаар төрийн эрх мэдлийг авах гэсэн үйлдэл. Бид тайван замаар дарангуйлал руу шилжинэ гэсэн үг. Саяхан хэлэлцүүлсэн Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудал ч дарангуйллын засаглалд шилжих асуудал байсан. Ерөнхий сайд сумдын Засаг дарга нарыг томилдог болно гэсэн заалт нь орон нутгийн өөрөө удирдах эрхийг устгаж байгаа үйлдэл.

Энийг мэдсээр байж сонгуульд өрсөлдөнө гэдэг бол хууль бус үйлдэлд хамтран оролцогч болно гэсэн үг. АН-ын гишүүд “Сонгууль шударга болох байх” гэсэн горьдлогод хөтлөгдөөд байна. Тиймээс Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхгүй байхыг энэ сарын 06-нд болох намын Их хурлын үеэр уриална. Сонгуульд оролцохгүй байх талаар намын дарга С.Эрдэнэтэй ярилцсан. Намын дарга энэ асуудлыг судалж үзээд эргэж хариу хэлнэ гэсэн. Их хурлаар ярилцах байх. Бусад улс төрийн хүчнүүд ч Ерөнхийлөгчийн сонгуулийг эсэргүүцэх хэрэгтэй” гэлээ.

Ч.Ариунболд
Гэрэл зургийг Б.Чадраабал
Холбоотой мэдээ