Олон улсын адууны соёлын форум боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2015-10-26 18:26:33

ӨМӨЗО-ны Хөх хотод болж буй “Монгол-Хятадын анхдугаар экспо” арга хэмжээний хүрээнд Олон улсын адууны соёлын форум боллоо.

Энэхүү форумд Монгол улсаас 25, Хятад улсаас 86 төлөөлөгч нийт 111 эрдэмтэн судлаач, морь сонирхогчид оролцож, адууны аж ахуйн одоогийн байдал, хөгжлийн чиг хандлага түүнчлэн цаашдын хамтын ажиллагааны талаар илтлэг тавьж хэлэлцүүлэн, санал бодлоо солилцсон юм.

Манай төлөөлөгчдөөс Д.Самданжамц “Адууны аж ахуйн хөгжил”, ХААИС-ийн багш, доктор, дэд профессор Т.Сайполда “Адууны бүтээгдэхүүн, түүхий эдийг ашиглах, зах зээлд нийлүүлэх боломж”, ХХААЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Н.Бямбадорж “Монголчуудын уламжлалт адууны соёл”, ШУТИС-ийн багш Н.Батжаргал “Гүүний айраг” сэдвээр тус тус илтгэл тавьж, хэлэлцүүллээ. 

Энэ үеэр хоёр орны хувьд морин спортыг дэлгэрүүлэн хөгжүүлж, шинэ маягийн адууны аж ахуй байгуулан аялал жуулчлалыг хөгжүүлэх, хууль эрх зүйн орчныг төгөлдөржүүлэн хамтын ажиллагааг явуулах бүрэн боломжтойг оролцогчид онцоллоо. 

          Хоёр орон эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн салбарт хамтрах нь илүү ашигтай

Монголын мал зүйч, үржүүлэгчдийн холбооны дэд ерөнхийлөгч Д.Самданжамц:

Монгол , Хятад хоёр улс хоорондын адууны соёлыг хөгжүүлэх, адуу үржүүлэх асуудлаар ийм сайхан форум зохион байгуулж байгаад их баяртай байна.Монголчууд угаас моринд дуртай, морин дэл дээр өссөн гэж хэлэлцдэг ард түмэн. Манай хоёр орны хувьд хурдан удмын адуугаа солилцдог, айраг цагаа хийх арга туршлагаа хуваалцдаг, олон жилийн хамтын ажиллагаатай улсууд учир Монгол морины худалдаа хийж хамтарч ажиллах бүрэн боломжтой. Яагаад гэвэл манай хоёр орны байгаль цаг уур, зан заншил ижил учраас хамтын ажиллагаагаа хоёр чиглэлээр явуулах боломж байгаа. Нэгдүгээрт, манайхаас тал нутгийн адууг эндэхийн үүлдэр сайжирсан адуутай эрлийзжүүлж, тэсвэр хатуужлыг нь сайжруулах. Хоёрдугаарт, гаднаас оруулж ирсэн адуунаас нь аваад Монгол адууны хурдыг сайжруулах чиглэлээр ашиглаж болох юм. Монгол орны хувьд Араб, Кувейт, Англи, Америк, Япон, Орос,Хятад зэрэг улсуудаас адуу оруулж эрлийзжүүлж, үр төл нь олширсон байгаа. Ингэхдээ цаашид даага, шүдлэн гэх мэт залуу адуу оруулах хэрэгтэй. Яагаад гэвэл нутаг бэлчээрт дасах нь хурдан байдаг бөгөөд, үржлийн хувьд ч ашигтай. Нөгөө талаар Монгол орны хөрсөнд 500 гаруй бэлчээрийн ач холбогдолтой ургамал ургадаг. Үүнээс 240 гаруйг нь Монгол адуу иддэг. Тийм учраас Монгол адууны мах нь маш илчлэгтэй, дааруулдаггүй, малчин ардын өвлийн улиралд хэрэглэдэг хамгийн гол хүнс нь байдаг. Түүнчлэн орчин үед адууны махыг эмчилгээ, сувилгаанд их хэрэглэж байна. Энэ үүднээс махны чиглэлийн адууг үржүүлэх бүрэн боломжтой юм. Мөн гүүний сүүг бүрэн ашиглах үүднээс эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн салбарын аль алинд хамтрах нь хоёр орны хувьд харилцан ашигтай гэж үзэж байна.Манай орны хувьд адууны аж ахуйг хөгжүүлэхэд генетикийн удам зүйн талаас, харин Хятадын талаас адууны соёл, уналга эдэлгээ , мах, сүүтэй холбоотой ажлыг эрдэм шинжилгээний түвшинд явуулж хамтрах нь илүү ашигтай.

                       Монгол адууны соёлыг түгээх нь дэлхийд танигдах сайхан боломж

ӨМӨЗО-ны ХААИС-н дэд захирал, доктор, дэд профессор Д.Манлай:

Тэсвэр, тэвчээртэй, хурдтай Монгол адууныхаа генийг сайн хамгаалж энэ суурин дээр нь гадаад адуутай эрлийзжүүлэн дэлхийн зах зээлд өрсөлдөхүйц шинэ Монгол адуу гаргаж болох юм. Мөн Монгол адуугаа мах, сүү, айраг цэгээний чиглэлээр үржүүлж болох бөгөөд энэ нь нэг талаар үндэсний соёл түүхээ үр хойчдоо уламжлуулах, нөгөө талаар дэлхий дахинд танигдах сайхан боломж юм. Түүнчлэн хоёр орны адуу судлаачид Монгол адууны үржлийн болон соёлын талаар хамтын, системтэй судалгааг явуулах ёстой. Мөн оюутан, багш, эрдэмтдийг харилцан суралцуулж чадавхижуулах нь Монгол адууны судалгааг дэлхийн түвшинд хүргэхэд чухал хувь нэмэртэй. 
Түүнээс гадна “Тал нутгийн торгоны зам” дээрх улсууд болох Монгол, Хятад түүхэндээ нэрд гарахад нөлөөлсөн гол зүйл нь морь байсан. Иймээс мориор дамжуулж энэхүү ажлаа өрнүүлж түүх соёлоо сөхөн харж, одоочилсон адууны аж ахуйг хөгжүүлж уялдуулах нь зүйтэй юм.

Холбоотой мэдээ