Лабораторийн байрыг шинээр барина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-05-01 20:22:15

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Батжаргал аймгийн ХХААГ-ын үйл ажиллагаатай танилцаж тус хамт олны санал хүсэлтийг сонслоо.

Аймгийн ХХХАГ 3 алба бүхий 26 ажил мэргэжилтний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулдаг. Энэ жил Баянхонгор аймаг 1070 га газарт газар тариалангийн ажил явуулах ба 620 шинэ хээлтүүлэгчийг орон нутгийн хэмжээнд тавих тендерийг зарлаад буй. Мөн 6 сумын 23000 га газарт 36 тонн бэлдмэл ашиглан үлийн цагаан оготно усгах ажлыг ХХААГ-аас эхлүүлжээ. Тус албаныхан мөн малчдын мэдвэл зохих асуудлын хүрээнд Баянхонгор аймгийн 90 багт тус газрын мэргэжилтнүүд 5 хэсэгт хуваагдан хүрч ажиллах төлөвлөгөөтэй байгаа аж.

ХХААГ-ын мал эмнэлгийн ариун цэврийн итгэмжлэгдсэн лабораторийн барилга 1960 онд баригдсан ба барилгын чанар муудаж эрүүл ахуйн шаардлага хангахгүй түвшинд хүрч, лабораторийн өрөөнүүдийн хана мөөгөнцөртсөн зэрэг нь ажилчдын хувьд ажлаа хэвийн явуулахад хүндрэл үүсгээд байгаа юм байна. Аймгийн Засаг дарга энэ нөхцөл байдалтай газар нь танилцаад, ирэх онд тус газрын лабораторийн байрыг шинээр бариулахаар шийдвэрлэлээ.
                                                                                                                   Б.Мөнхзул

 

Холбоотой мэдээ