Д.Трамп эхний 100 хоногт хийсэн ажилдаа "сэтгэл хангалуун" байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-04-28 16:58:47
ВАШИНГТОН. /NHK/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп тангараг өргөснөөс хойших 100 хоногийн хугацаанд хийсэн ажилдаа сэтгэл хангалуун байна.

Д.Трамп энэ оны нэгдүгээр сарын 20-нд тангараг өргөсөн юм. Тангараг өргөснөөс хойших 100 дахь хоног нь энэ бямба гарагт тохионо.

Тэрбээр өнөөдөр сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө “өөр хэн ч тангараг өргөснөөс хойших эхний 100 хоногийн хугацаандаа бидэн шиг “амжилттай” ажиллаж чадахгүй гэдэгт би итгэлтэй байна” гээд “гэхдээ өнгөрсөн 100 хоногийн хугацаанд би сонгуулийн кампанит ажлын үеэр амласан ажлынхаа өчүүхэн нэг хэсгийг нь хийж гүйцэтгэсэн” гэлээ.

Тэрбээр тангараг өргөснийхөө дараа АНУ-ыг “Номхон далай дамнасан түншлэл” чөлөөт худалдааны хэлэлцээрээс гаргасан юм.

Терроризмтой тэмцэх арга хэмжээний хүрээнд Ойрхи Дорнод болон бусад улс орны хууль бус цагаачдыг АНУ руу нэвтрүүлэхийг хориглох зарлиг гаргасан боловч шүүхээс хориг тавьсан билээ.

Мексиктэй залгаа хилийн дагуу хана барих түүний төлөвлөгөө санхүүжилтын асуудлын улмаас гацаанд ороод байна.

Дипломат харилцааны тухайд Д.Трампын засаг захиргаа Умард Солонгостой холбоотой асуудлуудыг шийдвэрлэхийн тулд холбоотнуудтайгаа хамтран ажиллаж байна.

Сирид химийн зэвсэг ашиглан олон хүний аминд хүрсний хариуд тус улсад АНУ-ын хүчнийхэн пуужингаар цохилт өгсөн билээ.

Дөрөвдүгээр сарын 23-нд олон нийтийн дунд явуулсан санал асуулгын дүнгээс үзвэл, Д.Трампыг дэмжигчдийн тоо 42 хувьтай байна. Дэлхийн II дайнаас хойш АНУ-ын төрийн тэргүүнээр сонгогдсон хүмүүс дунд тангараг өргөснөөс хойших эхний 100 хоногийн хугацаанд дэмжигчдийнх нь тоо түүнийх шиг бага хувьтай хүн өөр байхгүй аж.
Г.Доржханд
Холбоотой мэдээ