"Сейнт Жон Боско" төв тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
erdenechimeg@montsame.mn
2017-04-21 15:51:12
Дархан-Уул /МОНЦАМЭ/ Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат, “Сэйнт Жон Боско” төвийн захирал Лён Кон Ч нар сургалтын тэтгэлэгт хөтөлбөрт хамтарч ажиллах “Санамж бичиг”-т гарын үсэг зурав. Тэтгэлэгт хөтөлбөрийг XIX зууны үеийн Италийн алдарт сурган хүмүүжүүлэгч Дон Боскогийн хүндэтгэлд зориулан санхүүжүүлж байгаа бөгөөд Дархан-Уул аймаг дахь уг төвөөр дамжуулж хэрэгжүүлнэ.
Уг тэтгэлэгт хөтөлбөр нь: Оюутан залуучуудыг боловсролтой иргэн болгон төлөвшүүлж улс эх орондоо хувь нэмэр оруулах болон их дээд сургуульд амжилттай суралцаж байгаа амьжиргааны баталгаажих төвшнөөс доогуур орлоготой гэр бүлийн хүүхэд, оюутнуудыг сургалтын төлбөрт тэтгэлэгт хамруулах зорилготой. Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн 10 хүртэлх сурагчдын идэвх чармайлтыг дэмжиж тэргүүний болон зорилтот бүлгийн сурагчдад их дээд сургуульд дэвшин суралцахад нь тус бүр 500 мянган төгрөгийн дэмжлэг үзүүлнэ. Мөн их дээд сургуульд амжилттай суралцаж байгаа зорилтот бүлгийн тэргүүний тав хүртэлх оюутнуудад сургалтын төлбөрийн тэтгэлэг үзүүлэхэд тус бүр нэг сая төгрөг олгоно. Энэ нь мөн л Дарханы их дээд сургуульд суралцах хүсэлтэй оюутнуудад хамаарна. Хөтөлбөр хэрэгжих хугацаанд 2017 онд 10 сая төгрөг, 2018 онд 15 сая төгрөг, 2019 онд 20 сая төгрөг, 2020 онд 25 сая төгрөг, 2021 онд 25 сая төгрөгийн тэтгэлгийг “Сейнт Жон Боско” төвөөр дамжуулж санхүүжүүлэхээр болсон байна.
Аймгийн ЗДТГ-аас өргөдөл гаргагчдын материалыг хүлээж авах ажлын хэсэг шалгаруулалтыг зохион байгуулж тэтгэлэгт оролцох оюутан, сурагчдад зарлаж холбогдох судалгаа мэдээллийг авахад мэргэжлийн байгууллагын мэдээллээр хангаж хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана. Оюутан сурагчдыг сонгох ажлын хэсэг ирэх наймдугаар сарын эхээр хуралдаж тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах эрх авах хүүхдүүдийг шалгаруулахаар болжээ.
                                                                                                                                                     Б.Норовсамбуу
 
Холбоотой мэдээ