Монгол Улс анхны хиймэл дагуулаа хөөргөв

Дэлхийд | Дэлхийд бидний тухай
dorjkhand@montsame.mn
2017-04-20 10:50:38
ЛОНДОН. /Reuters/. Ашигт малтмалын салбараас хамааралтай эдийн засгаа төрөлжүүлэхийн тулд шинэ технологи ашиглах хүчин чармайлтын хүрээнд Монгол Улс лхагва гарагт анхны хиймэл дагуулаа хөөргөлөө.

12х27 МГц-ийн багтаамж бүхий хүчин чадалтай “Монголсат-1” хиймэл дагуул нь өргөн нэвтрүүлэг, харилцаа холбоо, өндөр хурдны интернэтийн үйлчилгээг газрын байршил үл хамааран далайд гарцгүй Монгол орны өргөн уудам нутаг даяар чанартай, шуурхай хүргэхэд тус дөхөм болох юм.

“10 жилийн өмнө эхлүүлсэн ажил маань өнөөдөр биеллээ олж, Монгол Улс хиймэл дагуултай боллоо” гэж Монголын парламентын дарга М.Энхболд бүс нутгийн өргөн нэвтрүүлэг, харилцаа холбооны “Asia Broadcast Satellite” компанийн захирал Томас Чойтой уулзах үеэрээ хэлэв.

Энэ хиймэл дагуулыг сансрын судалгаа, газрын зураг хийх болон байгалийн гамшгийн бэлэн байдлыг хангах зэрэгт ашиглах боломжтой.

Сүүлийн 10 жилийн хугацаанд Монгол Улс алслагдсан, хүрэх боломжгүй газруудтай холбогдохын тулд шинэ технологиудыг нэвтрүүлсэн бөгөөд телевизийн хэдэн арван суваг шинээр байгуулагджээ. Өнөөдөр гар утас Монголын малчдын амьдралын салшгүй нэг хэсэг болжээ. Малчид хотноосоо гар утсаараа банкны гүйлгээ хийж, цаг агаарын мэдээг хүлээн авч байна.

5.5 тэрбум долларын тусламжийн хөтөлбөрийн хүрээнд эдийн засгаа төрөлжүүлэхийг Олон улсын валютын сан Монголд зөвлөсөн билээ.

Дэлхийн зах зээлд ашигт малтмалын үнэ буурсны улмаас эдийн засгийн өсөлт болон төгрөгийн ханш нь эрс суларснаар Монгол Улс өнгөрсөн онд эдийн засаг, санхүүгийн хямралд орсон юм. /2017.04.19/

/http://www.reuters.com/article/us-mongolia-satellite-idUSKBN17L18W/
Г.Доржханд
 

Холбоотой мэдээ