Мексикт “Патрисия” хар салхины эрч аюулын түвшинд хүрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
jargal@montsame.mn
2015-10-24 11:39:42

МЕХИКО. /TASS/. Мексикт дэгдсэн “Патрисия” хар салхины эрч Саффира-Симпсоны шкалаар тав дахь буюу хамгийн дээд түвшинд хүрчээ. Хар салхи Номхон далайн эрэгт оршдог тус улсын Халиско мужийн Плайя-Перула хотод дэгдсэн байна. Салхины хурд секундэд 70 метрт хүрч байгаа аж. Одоогийн байдлаар байгалийн гамшгийн улмаас хүний амь үрэгдсэн тухай мэдээлэл ирээгүй байна.

Дэлхийн түүхэн дэх хамгийн хүчтэй салхины улмаас асар их хэмжээний хохирол учирч болзошгүй байна. Хохирлыг багасгахын тулд илүү эмзэг бүс нутгууд руу тусгай техник бүхий аврагчид болон цэргүүдийг илгээжээ. Мексикийн Иргэний хамгааалалтын газар тус улсын эрэг хавийн бүс нутгуудаас хэдэн мянган жуулчин, хэдэн арван мянган оршин суугчийг нүүлгэн шилжүүлсэн байна. Тэднийг байрлуулахаар хэдэн зуун хуаранг босгожээ.

Хар салхины улмаас эрэг хавийн бүс нутгуудад олон метрийн өндөр давалгаа үүсч, үер дагуулсан байна. Түүнчлэн ердөө 48 цагийн дотор хагас жилд орох хэмжээний хур тунадас орох төлөвтэй байгаа бөгөөд үер дагуулж, хөрсний гулгалт үүсгэж болзошгүй байна. "Патрисия" хар салхи Мексикийн Халиско, Колима, Наярит, Сакатекас болон Коауила мужийг дайрч, түүгээр барахгүй АНУ-ын нутаг дэвсгэрт хүрч магадгүй. Гэхдээ эдгээр мужийг дайрах замдаа хар салхины эрч ихээхэн суларч, хоёр дахь ангилалын эсвэл бүр халуун орны далайн шуурга болж хувирна гэж мэргэжилтнүүд урьдчилан таамаглаж байна.

Д.Жаргал

Холбоотой мэдээ