“Үе тэнгийнхний дарамт шахалт” жүжиг сурагчдын сонирхлыг татав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-04-19 17:37:01
Архангай /МОНЦАМЭ/. Эрдэнэбулган сумын 3-р сургуулиас өсвөр үеийнхний дунд гардаг “Үе тэнгийнхний дарамт шахалт” хэмээх 40 орчим минут үргэлжлэх богино хэмжээний тавилттай жүжгийг таван сургуулийн 9, 10-р ангийн 300-аад сурагчдад тоглож үзүүллээ.

Жүжгийн гол зорилго нь өсвөр үе, оюутан сурагчдыг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, тэр дундаа ЕБС-ийн үе тэнгийн дарамт шахалтаас урьдчилан сэргийлэхэд оршиж байгаа ажээ. Жүжигт өсвөр үеийнхний санамсаргүй болон санаатайгаар бие биенээ цахим орчинд бичих, доромжилж гүтгэх, танхайрах, мөнгө шаналгаж дарамтлах, согтуурах, хүний биед санаатай хүрэх, гэмтэл учруулах гэх зэрэг чиглэлээр гэмт хэрэгт татагдаж болох бүхий л ишлэлүүдийг нэг цогц болгож өгүүлсэн байна.

Ахлах ангийн сурагчдад жүжгийг үзүүлсний дараа эдгээр зөрчлүүдтэй холбоотой хуулийн мэдээллийг цагдаагийн газраас өгч, хэлэлцүүлэг зохион байгуулжээ.

“Бариа” буюу “Үе тэнгийнхний дарамт шахалт” жүжгийг үзсэн ахлах ангийн хүүхдүүд үе тэнгийнхний ямар нэг дарамт шахалт, бариа байхгүй анги болж бусаддаа үлгэр дууриалал, уриалга гаргая, манлайлья, зохион байгуулья гэсэн санал санаачилгуудыг илэрхийлсээр байгааг хэлж байна.

Бэсрэг жүжгийн зохиолыг 3-р сургуулийн сургалтын менежер Л.Уранчимэг санаачлан бичиж, хөгжмийн багш н.Энхтөгс найруулан сургуулийнхаа ахлах ангийн сурагчид, багш, нийгмийн ажилтанг оролцуулан тоглуулжээ.

Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ