Иргэд ус хадгалах саваа өөрчилж эхэлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-04-17 19:34:29
Завхан /МОНЦАМЭ/. Завханы төв Улиастай сумын Богдын гол баг нь  Богд, Чигэстэй голуудын дундах ай сав газарт байралдаг 900 гаруй өрхтэй томоохон баг юм. Тус баг аймагтаа анх удаа өөрсдийн санаачлагаар усыг хайрлан хамгаалах, хөдөлгөөн өрнүүлээд байгаа ажээ.
Энэ талаар  Богдын гол багийн ИНХ-ын дарга их эмч М.Дуламжаваас тодруулга авлаа.
-Багийн хувьд тулгадмдсан олон асуудал байгаа байх. Усны асуудлыг чухалчилж авч үзэх болов?
-Монголчууд эрт дээр үеээсээ гол усаа хайрлаж  “Усыг уувал ёсыг дагана”, “Уул савдагтай, ус эзэнтэй” гэж хүндэтгэж ирсэн түүхтэй. Гол мөрөн, булаг шанд, нуур цөөрөм, худгийн усанд сүү цагаан идээ мах, цус / улаан цагаан юм / хийхийг, дусаахыг цээрлэдэг, сүү цагаан идээтай шанага халбагаар хутган авахыг хориглодог байсан. Булаг шанд рашааны тулах эхэнд айл буух, мод бутыг тайрах, гэмтээхийг цээрлэдэг, ухаж төнхдөггүй, хад чулууг хөнддөггүй, тогтмол усанд биеэ болон хувцас угаахыг хориглодог уламжлалт ёс, зан заншилтай ард түмэн билээ.
Гэтэл манайхан гол дотор орж машинаа угаадаг, хогоо хаядаг, бие засдаг, машины тос масло асгаж бохирдуулж байна. Манай аймаг шиг аймгийнхаа дундуур гол урсдаг ийм сайхан байгальтай аймаг байхгүй. Тэр тусмаа Богдын гол баг маань хоёр талаараа гол урсдаг нэг үгээр хэлбэл арал дээр байгаа баг. Энэ утгаараа багийн иргэд гол усаа хайрлах хөдөлгөөнийг өрнүүлж, өөрсдөө үлгэрлэж, дараагийн үедээ хүлээлгэж өгөх, хяналт тавих үүрэгтэй хэмээн багийн ИНХ-аараа хэлэлцэж шат дараатай үйл ажиллагаануудыг явуулж байна. 2017 он гарсаар багагүй ажлуудыг хийсэн. Үүний нэг нь гуравдугаар сарын 15-наас эхлэн багийн иргэдийн дунд “Эрүүл амьдрал-Иргэний оролцоо” 21 хоногийн аяныг  багийн ИНХ, багийн Засаг дарга, ажлын албанаас ДЗМОУБ-ын Завхан ОНХХ, аймаг сумын Иргэдийн Хурлын Төлөөлөгч нартай хамтран зохион байгуулж байна.
-Аяны хүрээнд ямар үйл ажиллагаа явагдав?
-Багийн айл өрхийг  оршин суугаа  байршлаар нь 9 хэсэг болгон хэсгийн ахлагч, зохион байгуулагч нарыг сонгон томилж, Иргэдийн Хурлын Төлөөлөгчид багийн ИНХ, Засаг дарга хэсгийн ахлагч нартайгаа хамтран ажиллаж байна. Есөн хэсгийн айл өрхийн дунд “Иргэдийн дуу хоолой ба түүний үр нөлөө” аргачлалаар “Ус ба-эрүүл мэнд” сургалтыг 320 гаруй иргэнд хийлээ. Хэсэг бүрийн дунд усны сэдвээр урлаг спортын тэмцээнийг явууллаа. Энэ арга хэмжээнд багийн 160 гаруй иргэн оролцлоо. Мөн айл өрхийн усны савны хэрэглээ, ариун цэврийн байгууламжинд  судалгаа үнэлгээ хийлээ. “Хуванцар савны хэрэглээг  зогсоое” сэдвээр мэргэжлийн байгууллагын судалгааг олон нийтэд сурталчилж хор нөлөөний талаарх гарын авлагыг ДЗМОУБ-ын Завхан ОНХХ-өөс 500 ширхэгийг хэвлэж айл өрх бүрт  тараалаа. Сургалтын үр дүнд цаашид айл өрхийг шаардлага хангасан усны саваар хангах ажил зохион байгуулах гэж байна.  Иргэдийн усны хэрэглээ эрүүл ахуйн зан үйл, хандлагыг төлөвшүүлэхээр усны талаарх “АХА” асуулт хариултын тэмцээнийг сар бүр урамшуулалтайгаар зохион байгуулж эхэллээ. Түүнчлэн өнгөрсөн хоёрдугаар сард “Төлөөлөгчийн нэг өдөр” нэгдсэн өдөрлөг хийж,  айл өрх, хувь хүн, хэсэг бүлгүүдэд гарсан өөрчлөлт ажлын үр дүнголон нийтэд хүргэх, сайн туршлагыг сурталчлахаар орон нутгийн хэвлэл мэдээллийн байгуулагатай хамтран долоо хоног бүр нэвтрүүлэг бэлтгэн хүргэж байна. Богдын гол, Чигэстэй голын дагуу сайн дурын эргүүл ажиллаж гол усаа бохирдуулж буй иргэдэд сануулга өгөх зөвлөгөө өгөх ажлуудыг хийж байна. Бид нэгнийгээ хариуцлага тооцохоос илүү усны хэрэглээ, хамгаалах талаарх мэдээллийг сайн дурын эргүүлүүдээр дамжуулан иргэдэд хүргэж байна. Багийн иргэдийнхээ дадлыг зөв болгож иргэдэд үлгэр жишээг үзүүлэх замаар гол усаа бохирдуулах ажлыг зогсооно гэж үзэж байгаа.
-Иргэд олон нийт цаашид юуг анхаарах хэрэгтэй юм бол. Ажлын үр дүн гарч эхлэв үү?
-Дэлхийн зөн Монгол олон улсын байгуулагын Завхан орон нутгийн хөгжлийн хөтөлбөр бидэнд маш олон боломжийг олгож, санхүүгийн дэмжлэг үзүүлэн  хамтран ажиллалаа. Эрүүл байх нь иргэний өөрийнх гарт байдаг. Сургалтын өмнөх судалгаагаар багийн 500 гаруй айл өрх бүр хуванцар шанагаар халуун цайгаа самарч хуванцар савны хорыг идэж ууж эрүүл мэндээ хохироож байсан. Мөн айл өрхийн 60 гаруй хувь нь техникийн тос масло савлаж Монголд орж ирсэн шар канистр, угаалгын нунтаг, вок, химийн бодис, барилгын материал, имульс савлаж ирдэг хөх саванд усаа авч  хэрэглэж  байсан. Тиймээс бид шат дараатай дээрх савны хор нөлөөний талаарх мэдээллийг иргэдэд хүргэсэн. Тодруулбал эдгээр савнаас фталат, формальдгид, хар тугалга зэрэг хүний биед хортой, аажимдаа хавдар үүсгэх хор хөнөөлтэй бодисууд ялгарч, хүнсний зориулалтын бус хуванцар саванд хонуулсан усны найрлагад төмөр хоёр дахин, нитрит 11 дахин, аммиак 48 дахин,  хуванцар саванд хонуулсан сүүнд хар тугалгын агууламж 3-4 дахин, айрганд 4.4 дахин их байгааг мэргэжлийн байгууллагууд тогтоогоод байна. Хэрэглээгээ зогсооё, эрүүл ахуйд нийцсэн савыг хүнсэндээ ашиглая гэдэг мэдээллийг түлхүү өглөө.   
Гэтэл манай иргэд хэрэгтэй зүйлдээ мөнгөө зарж чадахгүй, эрүүл мэндээ хохирсон үедээ асар их зардал гаргаж, эрүүл мэндээ эмнэлэгт даатгаж гомдоод байгаа нь  эрүүл мэндийн мэдлэг боловсрол дутмаг байгаатай холбоотой байна. Буруу дадал зуршилтай байна. Гэхдээ юун түрүүн багийн иргэдтэй ажилласнаар үр дүн гарсан байгаа. Сургалтын дараах тандалтаар судалгаанд хамрагдсан өрхийн 35 гаруй хувь нь ундны ус хадгалах саваа өөрчилсөн байна. Цаашид энэ зөв хэрэглээ дадал нэмэгдэх байх гэж харж байгаа. Усны талаарх хамгаалалт, хэрэглээ, дадал зуршлыг бид багийн иргэдээсээ эхлэн жишиг болгоно гэсэн зорилготой. Нэмж хэлэхэд Завхан аймгийн усны дэд хөтөлбөрийг багийн нутаг дэвсгэрт хэрэгжүүлэх ажлын хэсгийг аймаг сумаас сонгогдсон төлөөлөгчид, хэсгийн ахлагч нар, багийн ажлын алба, өрхийн эмнэлэг, багт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн байгууллага оролцсон 25 хүний бүрэлдэхүүнтэй байгуулан ажиллаж байна.
Б.Мягмарсүрэн
Холбоотой мэдээ