Шинэ Зеланд руу асар хүчтэй хар салхи дөхөн ирж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
sarnai@montsame.mn
2017-04-14 09:15:06

ВЕЛЛИНГТОН. /BBC/. Шинэ зеландчууд олон жилийн хугацаанд болж байгаагүй хамгийн аймшигт хар салхи дайран өнгөрөхөөс өмнө Хойд арлын зүүн эргийн дагуух хот суурин газруудаас нүүн явж байна.

Баасан гарагт "Күүк" хар салхи өмнө зүг рүү эргэн Өмнөд аралд хүрэхээс өмнө орон нутгийн цагаар 18:00 цагийн үед Хойд арлын эрэгт хүрснээр хөрсний нуралт үүсгэж магадгүй юм.

Өндөр давалгаа үүсч, хүчтэй салхи шуурга дэгдэж хөрсний нуралт үүсч магадгүйг эрх баригчид анхааруулж байна. Энэ нь тус улсын зарим нэг хэсэгт "Дебби" хар салхины сүүл хэсгийн нөлөөгөөр хүчтэй үер буусны дараа болох гэж байна. 

Шинэ Зеландын Хойд арлын зарим хэсэгт онцгой нөхцөл байдал үүсчээ. Зам харгуй хаагдаж хөрсний гулгалт үүсч эхлээд байгаа нам дор газар дахь Короманделын арлын оршин суугчдад хотыг нэн даруй орхиж явахыг анхааруулсан байна.

Bay of Plenty булан өнгөрсөн долоо хоногт "Дебби" хар салхины сүүл хэсэгт өртсөний улмаас үерт автсан бөгөөд одоо дахин 300 мм-ийн хэмжээтэй хур тунадас орох гэж байгаа нь зарим байшингуудыг үерт автуулж магадгүй юм. Хар салхи 150 км/цагийн хурдтай шилжин явж байгаа гэнэ.

Тус арлын бүх сургууль, аж ахуйн нэгжүүд хамгийн түрүүнд хаалгаа барьсан бол үер бууж байсан Окленд хотын оршин суугчид бэлтгэлээ базаан шаардлагатай бүхнийг нөөцөлж байна.

Уг хар салхи ням гарагт Вануату арлын улсын ойролцоо дэгдэж, Шинэ Каледонийг чиглэн хөдөлсний улмаас ширүүн бороо орж, цахилгаан шугам сүлжээ, ус хангамж тасалджээ.  

Шинэ Зеландын цаг уурын ажилтнуудын хэлснээр, "Күүк" хар салхи нь 1968 оноос хойш тус улсад болж байгаа хамгийн хүчтэй хар салхи аж. Энэ бол тархмал хэлбэртэй байсан "Дебби" хар салхитай харьцуулахад илүү их хэмжээний хур тунадас болон салхи дагуулсан маш их нягтралтай хар салхи гэдгийг анхааруулаад байна.

Х.Сарнай

Холбоотой мэдээ