Санхүүгийн тусламж үзүүлэхийг шаардлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
nyamtulga@montsame.mn
2015-10-23 12:00:43

БОНН. /NHK/. Аж үйлдвэржсэн орнуудын санхүүгийн тусламжаар дэлхийн дулааралтай тэмцэх ёстой гэж хөгжиж буй орнуудын төлөөлөгчид мэдэгдэв.

Өчигдөр Германы Бонн хотод болсон НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн тухай бага хурлын ажлын хэсгийн хуралдааны үеэр дээрх уриалгыг гаргажээ. Тус бага хурал /COP21/ ирэх сарын 30-нд Парис хотноо эхэлнэ.

Өмнөд Африкийн Засгийн газрын албаны хүн хөгжиж буй орнуудыг төлөөлсөн байна. Тэрбээр, дэлхийн агаарын дундаж температурыг Цельсийн хоёр хэмээс дээш нэмэгдүүлэхгүй барихын тулд хөгжиж буй орнуудад санхүүгийн тусламж зайлшгүй үзүүлэх хэрэгтэй гэж мэдэгджээ.

Хөгжиж буй орнуудад санхүүгийн тусламж заавал үзүүлэх асуудалд талууд санал нэгдэх хэрэгтэйг тэрбээр мөн онцолжээ.

2020 он хүртэл жилд 100 тэрбум долларын санхүүжилт олгохоор аж үйлдвэржсэн орнууд тохиролцсон боловч уг зорилт хараахан биеллээ олохгүй байгаа бөгөөд 2020 оноос цааш ямар арга хэмжээ авахаа шийдээгүй байна.

Хөгжиж буй чинээлэг орнууд бидний ачаанаас үүрэлцэх ёстой гэж аж үйлдвэржсэн орнууд эсэргүүцлээ мөн илэрхийлжээ. Санхүүгийн асуудал уур амьсгалын өөрчлөлтийн тухай хэлэлцээний гол асуудал болж байна.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ