“Архигүй Монгол хүн” хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2017-04-12 19:54:11

Дархан-Уул /МОНЦАМЭ/ Дархан-Уул аймгийн Засаг даргын зөвлөл хуралдаж аймгийн “Архигүй Монгол хүн” хөтөлбөрийн хэрэгжилтийн тайланг сонсож хэлэлцэв.

Уг хөтөлбөрийг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2013 оны 80 дугаар тогтоолоор ажлын төлөвлөгөөг нь баталж хэрэгжүүлсэн байна. Энэ хугацаанд буюу 2014 онд нийт 20.2, 2015 онд 8.3, 2016 онд 3,5 буюу нийт 31.9 сая төгрөг зарцуулж хөтөлбөр 85 хувьтай хэрэгжсэн хэмээн аймгийн ЗДТГ-ын Хууль, Эрхзүйн хэлтсийн дарга Л.Алтанчимэг хийсэн мэдээлэлдээ онцлов. Хөтөлбөр хэрэгжүүлсэн хугацаанд архины албадан эмчилгээнд 43 хүн, сайн дурын болон сэтгэл заслын эмчилгээнд 158 иргэн хамрагджээ. Аймгийн Нэгдсэн Эмнэлгийн Сэтгэц, наркологийн тасгийг өргөтгөж архаг архичдыг хэвтэн эмчлүүлэх 10 ортой болгож эмнэлгийн техник тоног төхөөрөмж, бусад хэрэгслээр хангаж нийт 10 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 2014 онд 65, 2015 онд 219, нийт 284 архины хурц болон архаг хордлого, солиорол дэмийрэлтэй архинд донтох эмгэг бүхий иргэдэд хордлого тайлах эмчилгээг үзүүлж бие махбодь, сэтгэцийн хүндрэл өгсөн тохиолдолд хэвтүүлж эмчилжээ. Мөн аймгийн Эрүүл Мэндийн газраас уг хөтөлбөрийн хүрээнд “Зөв амьдрал” бичил төслийг хэрэгжүүлж  теле нэвтрүүлэг хийж сэтгэл заслын өрөөг тохижуулан цуврал сургалт, их, дээд сургуулиудын дунд уралдаан зохион байгуулж, 1500 иргэн хамрагдаж эмчилгээ сургалтын хөтөлбөрт 49 иргэн “Итгэлцлийн гэрээ” байгуулж эмчлэгдсэн байна.

Аймгийн Засаг даргын захирамжаар хүний эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангаагүй, стандарт, техникийн зохицуулалтад нийцээгүй, зураг төсөлгүй баригдсан Дархан сумын найман багт үйл ажиллагаа явуулж буй 116 цэгийн тусгай зөвшөөрлийг цуцалж согтууруулах ундаагаар худалдаа үйлчилгээ явуулдаг цэгийн тоог 35 хувиар бууруулжээ.

                                                                                                                                                      Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ