Монголын шороон ордуудад алт олборлож байгаа нь Байгал нуурыг бохирдуулж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ДЭЛХИЙД БИДНИЙ ТУХАЙ
bars@montsame.mn
2017-04-12 15:02:00

МОСКВА./asiarussia.ru/.Москвагийн Улсын их сургууль /МГУ/ Санкт-Петербургийн уул уурхайн их сургууль, Стокгольмын их сургуулийн эрдэмтдээс бүрдсэн олон улсын эрдэмтдийн баг Монголын шороон ордуудад алт олборлож байгаа нь гол мөрний тогтолцоо, голуудын сүлжээгээр дамжин Байгал нуурыг бохирдуулж байна гэдгийг тогтоожээ.

Судалгааг Төв Азийн томоохон районуудын нэг болох Туул голын хөндийд орших Заамарын алтны шороон ордод хийж, дүнг нь CATENA сэтгүүлд нийтэлсэн байна.

“Зургаан жилийн хугацаанд гидрологи, геохими, экологийн иж бүрэн шинжилгээг хийсэн. Ус, хүнд металл, металлоид, биогенийн болон органик бодисуудын найрлагыг 200 гаруй үзүүлэлтээр шинжилж, тэдгээрийн агууламж, голын  урсгалтай хамт гарах тоо хэмжээг тодорхойлж, ургамал амьтанд үзүүлэх усны нөлөөнд үнэлгээ хийсэн. Эдгээр өгөгдлүүдээ уул уурхайн олборлолтын улмаас сүйдсэн газрын бодисуудын угаагдлын загварчилсан тооцоололтой хослуулж, мөн уур амьсгалын өөрчлөлтийн тооцоолол хийсэн нь алт олборлолтын гол мөрний тогтолцоонд нөлөөлөх нөлөөллийн параметрүүдийг тодорхойлж, Монголоос Орос руу, улмаар Байгал нууранд гол мөрний сүлжээгээр дамжин ирж буй бохирдуулагч бодисын хэмжээг тогтоолоо” гэж Ломоносовын нэрэмжит МГУ-гийн газар зүйн факультетын гидрологийн тэнхимийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан Сергей Чалов ярьж байна.

“Сэлэнгэ мөрөн болон түүний цутгалуудын байдал нь Байгал нуурын эко системд голлох үүргийг гүйцэтгэдэг ба энэ нь томоохон үйлдвэр аж ахуйн газруудын усны урсгалд үзүүлэх нөлөөллийн талаарх мэдээллийг авахаас аргагүйд хүргэж байгаа юм. Цаашдаа Байгал нуурын ус хуримтлагдах талбайг бүхэлд нь хамруулан судлахын тулд нуурын бусад цутгалуудыг судлах ёстой, ингэснээр нуурын экологийн загварыг гаргах боломжтой” гэж эрдэмтэн ярилаа. /2017.04.08/

http://asiarussia.ru/news/15801/

О.Барс

Холбоотой мэдээ