Улсын аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын асуудлыг хэлэлцэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2017-04-11 15:09:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, БХЯ-тай хамтран "Монгол Улсын аюулгүй байдлын орчин-батлан хамгаалах бодлого" сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг Үндэсний батлан хамгаалахын их сургуульд зохион байгууллаа.

Тус хурлаар Монгол Улсын аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогод тулгамдаж буй асуудал болон  шийдвэрлэх арга замыг хэлэлцэж, гарах үр дүн, санал зөвлөмжийг зохих шатны байгууллагуудад хүргүүлэхэд чиглэв.

Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Гадаад бодлогын үзэл баримтлал, Батлан хамгаалах бодлогын үндэс гэсэн бодлогын тулгуур баримт бичгүүд шинэчлэн батлагдсантай холбогдуулан улс орны аюулгүй байдлыг батлан хамгаалах эрх ашгийн үүднээс судалж, судалгааны үр дүнг үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх нь тулгамдсан асуудал болоод буйг оролцогсод  онцолж байна.

Эрдэм шинжилгээний хуралд их, дээд сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэн, судалгааны төв, төрийн болон төрийн бус байгууллагын эрдэмтэн, багш, судлаач,  докторантууд оролцож, Аюулгүй байдлын орчны өөрчлөлт ба батлан хамгаалах бодлого, Хоёр хөршийн явуулж буй бодлогын Монгол Улсад үзүүлэх нөлөөлөл, ОХУ, Хятадын стратегийн түншлэлийн эерэг, сөрөг нөлөө, Дэлхийн болон бүс нутгийн геополитикийн Монгол Улсад үзүүлэх нөлөө, Монгол Улсын гадаад, дотоод орчны хувьсал, өөрчлөлт, Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын бүрэлдэхүүн хэсгүүд, тулгамдаж буй асуудал зэрэг сэдвээр илтгэл тавив.

Дээрх илтгэлүүдийг эмхэтгэж сургалт, судалгааны эргэлтэд оруулах юм байна.

 

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ