Телевизор үйлдвэрлэх бизнесээ “Toshiba” худалдахаар шийджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
bars@montsame.mn
2017-04-10 16:24:22

ТОКИО./TASS/. АНУ дахь охин компани нь болох “Westinghouse Electric” компани дампуурснаас хойш түүнд бүтцийн өөрчлөлт хийж буй Японы “Toshiba” корпораци телевизор үйлдвэрлэлийн салбараа худалдахаар шийдвэрлэжээ. Энэ тухай даваа гарагт Kyodo агентлаг мэдээллээ.

Энэ асуудал эцсийн байдлаар ирэх оны гуравдугаар сарын сүүлчээр шийдэгдэх бололтой. Урьдчилсан байдлаар, худалдах-худалдан авах хэлцлийн мөнгөн дүн хэдэн зуун сая доллар байх юм. Худалдан авахаар сонирхож компаниудын дотор Хятадын хэд хэдэн компани байгаагаас гадна урьд нь тусгай зөвшөөрөлтэйгөөр Европын зах зээлд зориулан “Toshiba” телевизорыг угсарч байсан Туркийн “Vestel” компани байгаа аж.

“Toshiba” корпораци 1960 онд Японд анх удаа өнгөт телевизор үйлдвэрлэн гаргаж байв. Гэсэн хэдий ч одоо энэ бизнес нь тус корпорацид зөвхөн алдагдал авчрах болсон бөгөөд алдагдлын хэмжээ нь 10 тэрбум иенээс /90 сая доллар/ нэгэнт давжээ.

“Toshiba”-ийн удирдлагын мэдээлснээр, 2016 оны санхүүгийн жилийн дүнгээр тус корпорацийн цэвэр алдагдал 1,01 их наяд иенд /9,13 тэрбум доллар/ хүрэх төлөвтэй байна. Ийм учраас тус компани одоо өргөн цар хүрээтэй бүтцийн өөрчлөлт хийж байгаа юм. Үүнээс өмнө тус компани бичил чип, санах ойн төхөөрөмж үйлдвэрлэх бизнесээ худалдана гэдгээ мэдэгдэж байлаа.

О.Барс

 

 

 

 

Холбоотой мэдээ